Жон Бреннан: Үндсэн хуулийн заалт ёсоор Д.Трампыг албан тушаалаас нь буулгах боломжтой

Жон Бреннан: Үндсэн хуулийн заалт ёсоор Д.Трампыг албан тушаалаас нь буулгах боломжтой


   АНУ-ын Тагнуулын төв газрын дарга асан Жон Бреннан ерөнхийлөгч Дональд Трампын сэтгэц эрүүл эсэхэд эргэлзэж байгаагаа хэлж, түүнийг албан тушаалаас нь буулгах санал гаргав. Тэрбээр “Newsweek”-т өгсөн ярилцлагадаа "Үндсэн хуулийн 25 дахь заалт Д.Трампт зориулагдсан мэт" гэжээ. Уг заалтад “Дэд ерөнхийлөгч болон Засгийн газрын гишүүдийн олонх нь ерөнхийлөгчийг үүргээ гүйцэтгэх чадваргүй гэж үзсэн тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлж болно” гэж тусгасан байдаг аж. Ж.Бреннан Ираны соёл иргэншлийг устгах тухай хэлсэн Д.Трампын үгийг жишээ болгон дурдаж, "Түүнийг эрүүл хүн гэдэгт эргэлзэж байна" гэжээ. Улмаар “Ийм хүнийг ерөнхийлөгчийн албан тушаалд байлгаж, түүнд АНУ-ын цэргийн хүч, түүний дотор цөмийн зэвсгийг хянах эрхийг олгох нь маш аюултай” гэсэн байна. Барак Обамагийн засгийн үед Тагнуулын төв газрыг удирдаж байсан Ж.Бреннан нь өнгөрсөн хугацаанд Д.Трамптай сөргөлдсөөр ирсэн юм. Д.Трамп түүнийг 2016 оны сонгуулиар өөрийнх нь эсрэг ажиллаж, “Russia Gate” гэх дуулианыг зохиосон гэж мэдэгдэж байв. Харин Үндсэн хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх магадлал бага гэж мэргэжилтнүүд үзэж байна. Учир нь Д.Трампын томилсон Бүгд Найрамдах намын харьяалалтай хүмүүс Засгийн газрын танхимд олонхыг бүрдүүлж байгаа юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.