АНУ: Хорт хавдар тусаад бүрэн эдгэрсэн хүүд онгоцны багийнхан гэнэтийн бэлэг барив

АНУ: Хорт хавдар тусаад бүрэн эдгэрсэн хүүд онгоцны багийнхан гэнэтийн бэлэг барив


   АНУ-ын агаарын тээврийн компанийн нислэгийн баг хорт хавдрын эмчилгээгээ дуусгаад харьж яваа 2 настай хүүхдэд зориулсан сэтгэл хөдөлгөм арга хэмжээ зохион байгуулав. “New York Post” сонины мэдээлснээр Калифорн мужийн Сан Диего хотод амьдардаг 2 настай Круз хүү удаан хугацаанд мэдрэлийн эсийн хорт хавдрын эмчилгээ хийлгэсний эцэст бүрэн эдгэрчээ. Мэдрэл эсийн хавдар нь хүүхдийн хорт хавдрын хамгийн түгээмэл хэлбэрүүдийн нэг бөгөөд хүү сүүлийн саруудад байнгын эмчилгээ хийлгэхээр Нью Йорк,  Сан Диего хотын хооронд олон удаа онгоцоор зорчсон байна. Хамгийн сүүлд өвчин нь бүрэн эдгэрсэн тухай баярт мэдээ сонссон Круз хүү гэртээ харихаар аав, ээжийн хамт урдын адил “Southwest Airlines” компанийн онгоцоор зорчих үед онгоцны багийнхан хүүд зориулсан арга хэмжээ зохион байгуулжээ. Гэнэтийн энэ явдлыг Крузын аав, ээж хоёр мэдээгүй байв. Онгоц хөөрсөн хойно чанга яригчаар "Өнөөдөр бид маш онцгой нэгэн зорчигчтой хамт аялж байна. Хоёр настай залуу баатар Круз ховор тохиолддог хорт хавдрын өвчнөөс бүрэн ангижраад манай онгоцоор гэртээ харьж яваа юм” хэмээн мэдээлэхэд зорчигчид алга ташин баяр хүргэжээ. Зорчигчид гарын доор байдаг онгоцны салфетка дээр "Хүнд тулаанд ялсанд баяр хүргэе!", "Аз жаргал дүүрэн амьдрахын ерөөл өргөе”, “Чи бол баатар эр” гэм мэт чин сэтгэлийн үгстэй мэндчилгээ бичиж ирүүлсэн байна. Аав, ээж хоёр нь гэнэтийн бэлэг барьсан онгоцны багийнхан болон зорчигчдод чин сэтгэлийн талархал илэрхийлжээ.

Зорчигчдоос ирүүлсэн мэндчилгээ


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.