Унгар: Сонгуульд ялалт байгуулсан Тисса намын дарга онцгой содон мэдэгдэл хийв

Унгар: Сонгуульд ялалт байгуулсан Тисса намын дарга онцгой содон мэдэгдэл хийв


   Унгарын шинэ Ерөнхий сайдад нэр нь тодроод буй Тисса намын дарга Петер Мажар Ерөнхийлөгч, Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, Ерөнхий аудитор нарыг нэн даруй огцрохыг шаардаж, "Виктор Орбаны дэглэмд 16 жил алба хаасан хүүхэлдэйнүүд сайн дураараа ажлаа өгөхгүй бол тэднийг хөөж гаргана" гэж мэдэгджээ. Түүний удирдсан нам парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, 199 суудлын 138-ыг нь авсан юм. Тэрбээр сонгуулийн дүн гарсны дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхийлөгч Шуйок Тамашийг огцрохыг шаардаж, "Тэр бол зүгээр л гарын үсэг зурахаас өөр ажилгүй хүн. Бидэнд ийм хүн хэрэггүй" гэжээ. Парламентын засаглалтай Унгар улсад Ерөнхийлөгч нь эрх мэдэл хязгаарлагдмал, бэлгэдлийн чанартай албан тушаал юм. Петер Мажар Ерөнхий сайдын бүрэн эрх, улиран сонгогдох боломжийг хязгаарлах Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийнэ гэдгээ мэдэгдэж, үүнийгээ В.Орбаныг дахин улс төрд орж ирэхээс сэргийлсэн алхам гэж тайлбарлав. Их Британийн The Guardian сонин В.Орбаны 16 жилийн засаглалын хугацаанд тус улсад хууль дээдлэх зарчим бүрэн алдагдсан гэдгийг онцлоод "Шүүх В.Орбанд үнэнч шүүгчдээр дүүрч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн 80 хувь нь засгийн газрын төлөөлөгч болсон” гэжээ. Ялсан намын дарга П.Мажар үүнтэй санал нэг байгаагаа илэрхийлж, өнгөрсөн сонгуулийн үеэр нэг талыг баримталсан мэдээлэл түгээж байсан төрийн өмчит телевиз, радио станцуудын үйл ажиллагааг зогсоож, хэвлэл мэдээллийн бие даасан байдлын комисс байгуулж, мэдээллийн салбарт шинэчлэл хийнэ гэдгээ тунхаглав.

   Мөн улсаас мөнгө хулгайлсан улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийг хариуцлагад татах зорилгоор "Улсын хөрөнгийг буцаан авах хороо" байгуулахаа зарлаж, В.Орбаны засаг захиргаа Европын холбооны тусламжийн хөрөнгийг хэрхэн ашигласныг шалгахын тулд Европын Прокурорын газарт нэгдэхээ мэдэгдэв. Эцэст нь тэрбээр АНУ болон ОХУ-тай харилцахдаа урдын засаглалаас өөр чиглэл баримтална гэдгээ мэдэгдээд "АНУ бол бидний чухал түнш бөгөөд найрсаг харилцаа хэрэгтэй" гэсэн бол “ОХУ-тай прагматик харилцаа тогтоохыг эрмэлзэнэ" гэж мэдэгджээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.