БНСУ: Ялгаварлан гадуурхсан утгатай үг цахим тольд орсныг залруулав
БНСУ-ын VANK (Voluntary Agency Network of Korea) байгууллагын хүсэлтээр цахим мэдээллийн нэвтэрхий толь болох naver.com сайтад байршсан ялгаварлан гадуурхсан утга бүхий 70 төрлийн үг хэллэгийг засаж өөрчилсөн байна. Тус байгууллага Африк тивтэй холбоотой 36 ангиллын нийт 84 үг хэллэгийн талаар залруулга хийхийг хүссэн бөгөөд эдгээрээс 70-ыг нь залруулж, 14 үгийг хянаж байгаа ажээ. Өнгөрсөн жилээс эхлэн VANK "Африкийн талаарх зөв ойлголт" төслийг сурталчлахын зэрэгцээ барууны төвтэй, уламжлалт бус тодорхойлолтыг засаж сайжруулахад анхаарал хандуулж ирсэн байна. Энэ удаад “Naver” цахим нэвтэрхий тольд орсон “Хар тив”, “Гуравдагч ертөнц”, “Негр”, “Пигми буюу одой үндэстэн”, “Бушман” “Hottentot”, “Dorobo”, “Gala” гэх мэт үндэстэн ястныг нэрлэсэн доромж утгатай нэр томьёо, тайлбаруудыг өөрчилжээ. Тухайлбал “Хар тив” гэсэн хэллэгийг “Сахарын цөлөөс урагш орших Африк”, “Негр” гэсэн үгийг “Африк хүний бүлэг”, “Бушман” болон “Hottentot “-ийг “Сан үндэстэн, Хойхой хүмүүс” болгон тус тус өөрчилсөн байна.
Түүнчлэн, “Заавал үзэх ёстой дэлхийн 1001 түүхэн дурсгалт газар”-ын нэг болох “Боолын хороолол" гэсэн оруулгад хүмүүсийг бараа таваар мэт үзсэн хэллэгүүд, тухайлбал "боолчуудыг импортлох", "бараа" зэрэг үгсийг өөрчилж, "албадан аваачих", "албадан тээвэрлэх" гэж шинэчлэн зассан бөгөөд ингэснээр боолчуудыг албадан ажиллуулж байсан түүхийн мөн чанарыг илүү тодорхой харуулна гэж тайлбарласан байна. Мөн "Африкчууд залхуу учраас ядуу байна уу?" гэсэн гарчиг үгийг "Африкчуудын туулсан бэрхшээлийн жинхэнэ шалтгаан нь юу вэ?" гэж өөрчилжээ. VANK байгууллагын захирал Пак Ки Тэ "Одоогийн нэвтэрхий толийн агуулгын нэлээд хэсэг нь 20 орчим жилийн өмнө бичигдсэн, улмаар тэр чигээр нь дижитал хэлбэрт оруулсан материалуудаас бүрддэг. Хурдтай шинэчлэгдэж буй цаг үетэй хөл нийлүүлэн алхахын тулд нэвтэрхий толийг тасралтгүй хянаж, нэмэлт, өөрчлөлт оруулж байх зайлшгүй шаардлагатай" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







