АНУ: Сургуулийн захирал зэвсэгт этгээдтэй улаан гараараа тулж олон хүний амь аврав

АНУ: Сургуулийн захирал зэвсэгт этгээдтэй улаан гараараа тулж олон хүний амь аврав


   АНУ-ын Оклахома мужийн нэгэн ахлах сургуулийн захирал зэвсэглэсэн этгээдтэй улаан гараараа тулж халдлагыг зогсоосноор хамт олноо томоохон эмгэнэлт явдалд өртөхөөс хамгаалж чадсан байна. Энэ үед тэрбээр хөлдөө сумны шарх авчээ. Тодруулбал Оклахома хотын өмнө зүгт орших Фоллс Вэлли ахлах сургууль руу автомат гар буугаар зэвсэглэсэн этгээд халдаж, сургуулийн үүдний танхимд байсан хүн бүрийг шалан дээр хэвтэхийг тушаагаад нэг сурагчийг буудахыг оролдсон боловч буу нь гацсан байна. Сурагч түүнээс буудахгүй байхыг гуйхад гадагш гарахыг зөвшөөрөөд, энэ хооронд бууныхаа эвдрэлийг засаад өөр нэг сурагчийг буудсан хэдий ч азаар оносонгүй. Энэ үед сургуулийн захирал Кирк Мур буун дуу сонсоод өрөөнөөсөө гүйн гарч ирэнгүүт зэвсэгт этгээдийн эсрэг улаан гараараа тулж, түүнийг дарж унаад удаан ноцолдсоны эцэст бууг нь алдуулсан байна. Ийн тэмцэлдэж байх үед буу гал алдаж, захирлын баруун хөлийг онож шархдуулжээ. Гэмт этгээд нь жилийн өмнө тус сургуулийг төгссөн 20 настай Виктор Ли Хокинс гэгч байв. Уг балмад этгээд цагдаад мэдүүлэхдээ "Би Колумбин ахлах сургуульд гарсан хэргийн адил сургуулийн багш, сурагчдыг хөнөөгөөд дараа нь амиа хорлохоор төлөвлөж байсан" гэжээ. Колумбин ахлах сургууль дээр гарсан хэрэг гэдэг нь 1999 онд хоёр сурагч автомат буугаар зэвсэглэн сургууль руугаа халдаж 13 хүний ​​аминд хүрсэн бөгөөд эцэст нь хоёул өөрсдийгөө хороосон хэрэг гарсан юм. Хотын цагдаагийн газрын дарга Дон Мэй хэлэхдээ, “Захирал К.Мур хөлбөмбөгийн тамирчин мэт гавшгай хөдөлж зэвсэгт этгээдийг зогсоон олон хүний амийг аварсан” гэсэн байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.