АНУ: Гаднаас ус худалдаж авдаг байсан Сан Диего хот ус нийлүүлэгч болжээ
АНУ-ын баруун нутаг ган гачигт нэрвэгдэж, Колорадо голын усны түвшин түүхэнд тохиож байгаагүйгээр багассан байна. 40 сая орчим хүн ундаалж амьдардаг уг голоос хэрэглээний ус авахын тулд мужуудын хоорондох өрсөлдөөн ширүүсэж байна. Харин Калифорни мужийн Сан Диего хот Колорадо голоос хамааралтай байдлаасаа салж, ус экспортлогч хот болох зорилго тавин илүүдэл усаа бусад мужуудад нийлүүлж эхлээд байна. “Wall Street Journal” сонины мэдээлснээр Аризона, Невада зэрэг мужууд саяхан Калифорнид үйлдвэрлэсэн цэвэршүүлсэн усыг авч ашиглахаар Сан Диего хотын Усны газартай хэлэлцээр хийжээ. Хэлэлцээрийн агуулга өвөрмөц. Мужууд Сан Диего хотоос ус авсны хариуд усыг давсгүйжүүлж цэвэрлэх үйлдвэрийн ашиглалтын зардлыг төлөх юм. Жил бүр ойролцоогоор 56,000 акр.фут хэрэглээний ус худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь 500 мянга орчим хүний хэрэгцээг хангах ажээ.
1990-ээд оны эхээр Сан Диего хот олон жил үргэлжилсэн гангийн улмаас усны хангамжийнхаа гуравны нэгийг алдаж, хотын иргэд хэрэглээний усны хомсдолд орж байжээ. Иймээс цэвэр усны хангамжийг сайжруулахын тулд томоохон хөрөнгө оруулалт хийсэн нь ийнхүү үр дүнгээ өгсөн байна. Нөгөө талаар усны үнэ цэнийг ойлгосон хотын иргэдийн арвич хямгач хэрэглээ нөлөөлсөн гэж үздэг. Тус хотын нэг хүнд ногдох усны хэрэглээ сүүлийн 25 жилийн хугацаанд хоёр дахин буурсан бөгөөд нийлүүлэлт нэмэгдэж, эрэлт буурснаар хот усны нөөцийг бий болгож, бусад мужуудад хэрэглээний ус нийлүүлэх болсон байна. Үүний дүнд Сан Диего хот ус импортлогч хотоос ус хангагч хот болж хөгжжээ. Өөрөөр хэлбэл нэгэн цагт ус худалдаж авдаг байсан хот одоо ус зардаг хот болсон гэсэн үг. Энэ жишээнээс харахад нэгэн цагт энгийн нийтийн баялаг гэж үздэг байсан ус одоо хөрөнгө оруулалт, худалдааны нөөц болон хувирч байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







