Венесуэлийн дараагийн ерөнхийлөгч хэн бэ?
Венесуэлийн сөрөг хүчний удирдагч, Нобелийн энхтайвны шагналт эмэгтэй Мария Корина Мачадо өнгөрсөн 18-ны өдөр Испанийн нийслэл Мадрид хотын төвд байрлах Пуэрта дель Сол талбайд болсон цуглаанд оролцож “Венесуэл удахгүй эрх чөлөөт улс болно" гэж мэдэгдэв. Эх орноосоо дүрвэн Испани улсад цагаачилж ирсэн мянга мянган венесуэлчүүд уг цуглаанд оролцож, түүний үгийг баяр хөөртэйгөөр хүлээн авчээ. Венесуэлтэй нэг хэлээр ярьдаг Испани улсад 700 мянган хүнийг нэгтгэсэн цагаачдын нийгэмлэг байгуулагдсан байна. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар болон бусад эх сурвалжийн мэдээлснээр, Николас Мадуро төрийн эрхэнд гарсан 2014 оноос хойш улс төрийн хавчлага, эдийн засгийн хүндрэлээс болж 7.9 сая хүн эх орноосоо дүрвэжээ. Н.Мадурогийн дэглэмийг эсэргүүцэж, эрх чөлөөнд тэмүүлсэн үйлсийг эхлүүлснийхээ төлөө өнгөрсөн жил Нобелийн шагнал хүртсэн М.Мачадо сүүлийн үед Европын тавцанд ерөнхийлөгчийн түвшний дипломат үйл ажиллагаанд оролцох болжээ. Тэрбээр Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони, Нидерландын ерөнхий сайд Лоф Готтен нартай дараалан уулзалт хийж, Венесуэлийн ардчиллыг дэмжихийг уриалсан байна. Улмаар Олон улсын валютын сангийн эдийн засгийн хяналтыг сэргээх, ерөнхийлөгчийн сонгуулийн хугацааг наашлуулах зэрэг үндэсний бодлогын тодорхой төлөвлөгөөг танилцуулснаар түүнийг дараагийн удирдагчийн байр сууриа бэхжүүлж байна гэж мэргэжилтнүүд үзжээ.
Үүний нөгөө талд Венесуэлийн дотоодын эрх мэдлийг атгаж буй одоогийн түр ерөнхийлөгч Делси Родригес зогсож буй юм. Н.Мадурогийн дэглэмийн үед дэд ерөнхийлөгч байсан тэрбээр өнгөрсөн оны нэгдүгээр сард америкчууд Н.Мадурог түлхэн унагасны дараа Д.Трампын санал болгосноор ерөнхийлөгчийн албан тушаалыг авсан юм. Тэрбээр сүүлийн гурван сарын хугацаанд 17 сайдыг сольж, Н.Мадурогийн дэглэмийн гол хүмүүсээс зайгаа барьж эхлээд байна. Улс төрийн энэ цэвэрлэгээний ард АНУ байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй. Тус улсын хуулийн дагуу ерөнхийлөгчийн эзгүйд түр ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх хугацааг 180 хоногоор хязгаарласан байдаг. Ийнхүү төрийн эрх барих хугацаа нь дуусах дөхсөнөөр түр ерөнхийлөгч Д.Родригес, сөрөг хүчний удирдагч М.Мачадо нарын хоорондын эрх мэдлийн тулаан ил гарч эхлээд байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







