Казахстан улс Ирантай хэрэгжүүлэхээр тохирсон төслүүдээ зогсоов
Казахстан улс дайны нөхцөл байдлыг харгалзан Ирантай хийх эдийн засгийн хамтын ажиллагааны төслүүдээ түр зогсоосон тухай тус улсын Гадаад хэргийн дэд сайд Арман Исетов мэдэгдэв. Тэрбээр “Ираны дайны хямрал намжих төлөв ажиглагдахгүй байгаа тул тус улстай хийх төслүүдийг зогсоосон” гээд энэ нь дотоодын эдийн засагт хохирол учруулахгүй гэдгийг дурдсан байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Казахстаны нийслэл Астана хотод болсон бизнесийн форум дээр хоёр улс худалдааны хэмжээг 1 тэрбум доллар хүртэл нэмэгдүүлэхээр тохиролцсон. 2024 оны байдлаар хоёр талын худалдааны хэмжээ 340 сая доллар байв. Казахстаны Эдийн засгийн яамны мэдээлснээр өнгөрсөн онд Иран руу хийсэн экспорт 239.3 сая доллар, харин импорт 191 сая доллар байсан нь Казахстаны нийт худалдааны 0.3 хувийг эзэлж байна. Хоёр улсын хоорондох худалдааны дийлэнх хэсгийг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн эзэлдэг бөгөөд улаан буудай, арвай нь Иран руу экспортлох экспортын 90 орчим хувь болдог ажээ. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ираны зүүн нутгийн Бандар Аббас хотын Шахид Ражай боомтод тээвэр, ложистикийн терминал барихаар болсноо зарлаж байсан. Гэсэн хэдий ч дээрх шалтгаанаар уг төлөвлөгөөг мөн зогсоосон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







