"Apple-ийн гүйцэтгэх захирал албан тушаалаа өгөхөөр боллоо
“Apple” компанийг Стив Жобсоос хүлээн авч 15 жилийн турш удирдсан Тим Күүк гүйцэтгэх захирлын албан тушаалаа өгөхөөр болжээ. Түүний удирдсан хугацаанд “iPhone” утасны борлуулалт эрчимжиж, компанийн зах зээлийн үнэлгээ 3.3 их наяд еврогоор өсөн, хөгжил цэцэглэлтийн шинэ эрин үеийг бүтээсэн юм.
Өдгөө 65 настай Т.Күүк ирэх есдүгээр сарын 1-нд халаагаа тус компанийн Техник хангамжийн инженерчлэл хариуцсан захирал Жон Тернуст шилжүүлэн өгөх бөгөөд өөрөө Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын үүргийг гүйцэтгэхээр болжээ. Энэ шилжилт нь захирлын суудлаа өгөхдөө “Amazon”-ы Жефф Безос, “Netflix”-ийн Рид Хастингс нарын хэрэгжүүлсэн загвартай төстэй юм. Т.Күүк өнөөдөр гаргасан мэдэгдэлдээ “Apple-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, энэ ер бусын компанийг удирдах итгэл хүлээсэн нь миний амьдралын хамгийн том завшаан байлаа. Би “Apple”-д чин сэтгэлээсээ хайртай бөгөөд ийм онцгой, шинийг эрэлхийлэгч, бүтээлч хамт олонтой ажиллах боломж олдсонд туйлаас талархаж байна” хэмээн дурджээ. Түүний залгамжлагчаар тодорсон 50 настай Ж.Тернус “Apple”-д 25 жил ажиллаж байгаа бөгөөд сүүлийн таван жилд “iPhone”, “iPad”, “Mac”-ийн инженерчлэлийн ажлыг гардан удирдаж байсан нь түүнийг Т.Күүкийн халааг авах хамгийн боломжит нэр дэвшигч болгосон юм.
Гүйцэтгэх захирлын сэлгээ “Apple”-ийн хувьд эгзэгтэй цаг үед тохиож байна. С.Жобс 2007 онд анхны "iPhone”-ийг танилцуулснаас хойш технологийн салбарт гарч буй хамгийн том өөрчлөлт болох хиймэл оюун ухааны (AI) өрсөлдөөнд “Apple” хоцрох эрсдэлтэй байгаа юм. Хоёр жилийн өмнө амлаж байсан AI-д суурилсан шинэ боломжуудаа танилцуулж чадалгүй багагүй саатсаны эцэст “Apple” энэ оны эхээр “Siri”-г илүү боловсронгуй болгохын тулд “Google”-ээс тусламж авахад хүрсэн билээ.
Т.Күүк нь “iPhone”-ий нэр хүнд болон өмнөх удирдагчийнхаа тавьсан сууринд тулгуурлан, нэг хэсэг дампуурлын ирмэгт байсан “Apple”-ийг энэ салбарын оргилд хүргэсэн юм. Түүний удирдлага дор “Apple” компани зах зээлийн үнэлгээ нь нэг, хоёр, улмаар гурван их наяд долларт хүрсэн дэлхийн анхны компани болж байв. Өмнө нь “Compaq” болон “Apple”-ийн тухайн үеийн гол өрсөлдөгч IBM компаниудад ажиллаж байсан Т.Күүк Хятадын үйлдвэрлэлийн хүчин чадал, хямд ажиллах хүчинд суурилсан олон улсын нийлүүлэлтийн сүлжээний нарийн тогтолцоог гарамгай зохион байгуулсан юм. Энэ тогтолцоо нь “Mac” компьютер, “iPod”, “iPhone”, “iPad” болон бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн бөгөөд “Apple”-ийн жилийн орлогыг Т.Күүкийг гүйцэтгэх захирал болох үеийн 108 тэрбум доллароос эрс өсгөж, 416 тэрбум долларт хүргэх гол хөшүүрэг болсон билээ.
Тэрбээр АНУ, Хятадын хоорондох худалдааны дайны үеэр Дональд Трамптай хэл амаа ололцож, АНУ-д 600 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээ амласнаар зарим бүтээгдэхүүнээ татвараас чөлөөлүүлж чадсан бөгөөд үйлдвэрлэлийнхээ тодорхой хэсгийг Энэтхэг рүү шилжүүлсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







