Д.Трамп: Иран өдөрт 500 сая долларын алдагдал хүлээж байна
Дональд Трамп. © AP Photos

Д.Трамп: Иран өдөрт 500 сая долларын алдагдал хүлээж байна


   АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Тегеран дайн зогсоох энхийн хэлэлцээ хийхийг зөвшөөрөх хүртэл Ираны боомтуудад тавьсан бүслэлтээ буулгахгүй гэдгээ мэдэгдлээ. "Энхийн хэлэлцээр байгуулах хүртэл үргэлжлэх энэ бүслэлт Ираныг бүрмөсөн туйлдуулна" хэмээн тэрбээр нийгмийн сүлжээндээ нийтэлжээ. Мөн цааш нь "Тэд өдөрт 500 сая ам.долларын алдагдал хүлээж байгаа бөгөөд энэ нь богино хугацаанд ч тэсвэрлэх аргагүй их тоо юм" хэмээн тодотгосон байна.

   Тегеран болон Вашингтон харилцан бүслэлт тогтоосноор Ормузын хоолойн усан замын хөдөлгөөн дахин тасалдаад байна. Даваа гарагт Исламабад хотод болох байсан энхийн хэлэлцээний хоёр дахь шатанд Ираны тал төлөөлөгчдөө илгээхгүй гэдгээ мэдэгдсэний дараа Д.Трамп ийнхүү хатуу байр суурь илэрхийлжээ. Ираны тал хэлэлцээнээс татгалзсан нь өнгөрсөн Ням гарагт АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Ираны далбаатай ачааны хөлөг онгоцыг саатуулсантай холбоотой юм. АНУ-ын тал уг хөлгийг Ормузын хоолойн орчим дахь тэнгисийн бүслэлтийг нэвтрэхийг оролдсон хэмээн буруутгаж байна. Ираны цэргийн командлал хөлөг онгоц саатуулсан явдлын хариуд цохилт өгөхөө амласан бөгөөд энэ нь хугацаа нь дуусахад хэдхэн хоног үлдээд байсан гал зогсоох хэлэлцээрийг эрсдэлд оруулж байгаа юм. Ачааны хөлөг онгоцонд халдсан явдлыг Тегеран эвлэрлийн гэрээг зөрчсөн "далайн дээрэм" хэмээн нэрлэжээ.

   Д.Трампын мэдэгдсэнээр, Оманы буланд байрлаж буй АНУ-ын пуужин устгагч хөлөг Ираны "Touska” хөлөгт зогсох шаардлага тавьж, улмаар хөдөлгүүрийн хэсэгт нь цохилт өгчээ. Одоогоор АНУ-ын Тэнгисийн явган цэргүүд тус хөлгийг хяналтдаа авч, ачааг нь шалгаж байгаа бөгөөд хүний амь нас эрсэдсэн эсэх нь тодорхойгүй байна.

   Энэ үйл явдлын улмаас дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ дахин огцом өслөө. “Brent” маркийн газрын тосны үнэ даваа гарагийн өглөө нэг баррель нь 95 ам.доллар болж нэмэгдсэн бөгөөд энэ нь гал зогсоох хэлэлцээний үед 91-92 ам.долларт хэлбэлзэж байсантай харьцуулахад мэдэгдэхүйц өсөлт юм. Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкян Пакистаны ерөнхий сайд Шехбаз Шарифтай өчигдөр утсаар ярихдаа "Вашингтон өмнөх алдаагаа давтаж, дипломат харилцааны дэг журмыг уландаа гишгэж байна" гэжээ. Үүсээд буй энэ хурцадмал байдал нь хэдхэн хоногийн өмнө Д.Трампын хийсэн "Дайн дуусахад ойрхон байна" гэх мэдэгдэл ажил хэрэг болж чадахад эргэлзээ төрүүлж байна хэмээн олон улсын хэвлэлүүд тэмдэглэж байна. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.