“Chingis Airlines” компани агаарын тээвэр үйлдэх зөвшөөрлөө авчээ
Монголын үндэсний агаарын тээвэрлэгч “Chingis Airlines” компани энэ салбарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн үндсэн баримт бичиг болох Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ (AOC) хүлээн авснаа өчигдөр мэдээллээ. “Номин холдинг” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар 2025 онд байгуулагдсан тус компани Франц-Италийн хамтарсан ATR компанийн ATR 72-600 загварын 70 хүний суудалтай нисэх онгоцыг өнгөрөгч гуравдугаар сарын сүүлээр хүлээн авсан юм. Улмаар энэ оны хоёрдугаар улирлаас Даланзадгад, Ховд, Мөрөн чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн билээ. Монгол улсын Иргэний нисэхийн тухай хуульд заасны дагуу агаарын хөлгөөр арилжааны нислэгийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага “Агаарын тээвэрлэгч-гэрчилгээжүүлэлт” дүрмийн хүрээнд Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ авсан байх шаардлагатай байдаг. Төлбөрт ачааллын хэмжээ нь 3410 кг-аас дээш, нисэх багийн гишүүдийн суудлаас гадна 30 ба түүнээс дээш зорчигчийн суудалтай онгоцоор гүйцэтгэх агаарын тээврийн үйл ажиллагаа эрхлэгчид энэ гэрчилгээг олгодог байна. Өнөөдрийн байдлаар МИАТ, “Аэро Монголиа”, “Хүннү Эйр”, “Изинис Эйрвэйз”, “Монголиан Эйрвэйз Карго” компаниуд энэ гэрчилгээг аваад байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







