Хятадын сансар судлалын үзэсгэлэн Улаанбаатарт гарна

Хятадын сансар судлалын үзэсгэлэн Улаанбаатарт гарна


   Энэ сарын 24-ний өдөр болох Хятадын сансар судлалын өдрийг тохиолдуулан тус улсын сансар судлалын үзэсгэлэнг Улаанбаатарт нээх болсон талаар Хятадын соёлын төв мэдээллээ. Үзэсгэлэнд VR технологиор саран дээр буух туршилт хийж болох бөгөөд VR нүдний шил зүүмэгц шууд саран дээр газардаж, сарны гадаргуу дээр алхаж, дэлхийг сарны мандалаас харж, бага таталцлын орчинд үсрэн алхах мэдрэмжийг бодитоор мэдрэх боломжтой. Мөн сар судлалын “Чанъэ” төхөөрөмж, “Юйту” роботын загварыг 1:1 харьаатай бүтээн энд тавьсантай танилцахаас гадна VR аяллаар нарны эрчим хүчний систем, газар доорх амьдрах байгууламж, сарны хөрсөөр 3D-р хэвлэсэн барилга байгууламжийг үзнэ. “Хятадын сансар судлал – сар судлалын VR үзэсгэлэн” Хятадын соёлын төвийн байранд дөрөвдүгээр сарын 24-нөөс зургаадугаар сарын 30 хүртэл ажиллах ажээ.

   Хятадын анхны сансрын хиймэл дагуул “Дунфанхун-1” 1970 оны дөрөвдүгээр сарын 24-нд хөөрснөөр тус улсын сансар судлалын эрин эхэлсэн гэж үздэг. Улмаар Бээжин 2003 онд “Шэньжоу-5” хөлгийг амжилттай хөөргөж, Хятадын анхны сансрын нисэгч сансарт ниссэн бөгөөд 2022 онд “Тяньгун” станцыг ашиглалтад оруулан сансарт урт хугацаанд судалгаа хийх болсноор Хятадын сансар судлал шинэ шатанд гарсан байна.  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.