Европын холбоо Оросын рэп дуучинд хориг тавив
Рэп дуучин Тимати. © РБК

Европын холбоо Оросын рэп дуучинд хориг тавив


   Европын холбоо өчигдөр ОХУ-ын эсрэг тавьсан 20 дахь багц хоригоо зарлалаа. Энэ удаагийн хоригт 37 хувь хүн, 80 хуулийн этгээд багтсан бөгөөд тэдний дунд рэп дуучин Тимати буюу Тимур Юнусов, “Эрмитаж” музейн ерөнхий захирал Михаил Пиотровский оржээ. Оросын РБК мэдээллийн агентлаг энэ талаар тайлбар хүсэн М.Пиотровскийд хандсан боловч хариу өгөөгүй байна. Харин дуучин Тимати “Instagram” хуудсандаа бичихдээ “Хориг арга хэмжээ надад огт наалдахгүй. Учир нь хилийн чанадад миний ямар нэг үл хөдлөх хөрөнгө, банкны данс хэзээ ч байгаагүй, одоо ч байхгүй" гэжээ. Европын холбоо энэ хоригтоо Оросын армийн Цацраг идэвх, хими, биологийн хамгаалалтын цэргийн дарга болон түүний орлогч, Соёлын дэд сайд, "Калашников" концерний ерөнхий зохион бүтээгч, “Алабуга” тусгай эдийн засгийн бүсийн ерөнхий захирал, 2009-2017 онд АНУ, Англи, Германд тоглож WBA-гийн аварга болж байсан мэргэжлийн боксчин Федор Чудинов нарыг оруулсан байна. Мөн Москвагийн Физик-Техникийн дээд сургууль, "Башнефть", "Славнефть" зэрэг газрын тосны компаниуд, газрын тос боловсруулах үйлдвэрүүд, "Роснефтефлот" газрын тосны тээврийн компани, "ЛУКОЙЛ" болон "Газпром"-ын хэд хэдэн салбар бүтэц уг жагсаалтад багтжээ. Европын холбоо мөн Украин улсад 90 сая еврогийн тусламж үзүүлэхээр болсон байна.   


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.