Тайвань: 700 гаруй хүний хүчээр аврагдсан яст мэлхий далайдаа эргэж ирэв
Тайванийн далайн амьтан хамгаалах багийнхан Скон нэртэй аварга яст мэлхийг Тайбей хотын ойролцоох далайн усанд тавив. Скон нь осолд өртөж гэмтсэнээс болж хүнд мэс засалд орж эмчилгээ хийлгэсээр 678 хоногийн дараа далайдаа эргэн ирж буй ажээ. Уг яст мэлхийг 2024 оны зургаадугаар сард Тайванийн хоолойн Пэнху арлын боомтын оршин суугчид олжээ. Тухайн үед Скон завьтай мөргөлдсөний улмаас хүнд гэмтэж, мөн хоолой болон ходоодонд нь загасны дөрвөн дэгээ орж гацсанаас сэлж, шумбаж чадахгүй болсон байв. Анх эмнэлэгт ирэхэд хуяг дээр үүссэн шарх нь “scone” хэмээх англи нарийн боовтой төстэй байсан тул түүнийг ийн нэрлэсэн байна. Яст мэлхийг аврахын тулд холбогдох албаныхан шуурхай ажиллаж, хоолойд тээглэсэн загасны дэгээг мэс заслын аргаар авч, ходоодонд нь орсон дэгээг дурангийн мэс заслаар аюулгүй болгожээ. Ингэхдээ Чиай, Тайбей, Хуалень зэрэг хотын эмнэлгүүдэд шилжүүлэн эмчилж, нөхөн сэргээлт хийж, нийт 500 гаруй км зам туулсан бөгөөд дөрвөн эмнэлгийн баг, 700 гаруй албан хаагч оролцож ажилласан юм. Мэс засал хийсний дараа ходоодонд нь хий ихээр хуримтлагдсаны улмаас шумбаж чадахгүй байсан тул эмнэлгийн багийнхан гэдэсний хөдөлгөөнийг идэвхжүүлэх эмчилгээ хийж, хоолны дэглэмийг нь тохируулж, аажмаар нөхөн сэргээх эмчилгээнд оруулснаар сэлж, шумбаж чаддаг болсон байна. Тайваньд жил бүр 300 орчим далайн яст мэлхий завьтай мөргөлдөх, загасны дэгээ залгих зэрэг аюулд өртөж, ихэнх нь үхэж үрэгддэг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







