Франц: Их сургуулийн нийт оюутан 1 еврогийн үнэтэй хоолоор үйлчлүүлнэ
Ирэх сарын 4-нөөс эхлэн Францын их сургуулийн цайны газрууд нийт оюутанд 1 еврогийн үнэтэй хоолоор үйлчлэх болжээ. Анх зөвхөн тэтгэлэгт хамрагдсан болон амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой бүлэг хамрагддаг байсан бол одоо бүх оюутан уг халамжийг хүртэх эрхтэй болов. Тодруулбал, их сургуулийн оюутны үнэмлэх эзэмшигчид, мэргэжлийн дадлагажигч, докторт суралцагсад болон төрийн албаны үйл ажиллагаанд оролцдог сайн дурынхан үнэмлэхээ баталгаажуулснаар их сургуулийн оюутны халамжийн "Crous" байгууллагын цайны газруудаас 1 еврогийн үнэтэй хоол авах боломжтой болсон байна. Энэ үйлчилгээг үдийн хоолонд нэг удаа, оройн хоолонд нэг удаа ашиглах эрхтэй. Инфляц болон эрчим хүчний үнийн өсөлтөөс болж оюутнуудын амьжиргааны өртөг нэмэгдсэн тул Засгийн газар хүнсний зардлын дарамтыг бууруулах үүднээс бүх нийтийн халамжийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн нь энэ ажээ. Статистикийн газрын мэдээлснээр 2024-2025 оны хичээлийн жилд нийт 662 мянган оюутан тэтгэлэг авч, 1 еврогийн хоолны халамжид хамрагдсан бол ирэх сараас энэ тоо 3 саяд хүрнэ.
Харин Консерватив Оюутны Холбоо (UNI) энэ бодлогыг эрс шүүмжилж, "Засгийн газар Социалист намд бууж өгснийг харуулсан жишээ бөгөөд үнэмшилтэй боловч буруу бодлого" гэж нэрлэв. Цаашлаад жилд сая сая еврогийн алдагдал хүлээж санхүүгийн дарамтад орсон "Crous" байгууллагын сүлжээг улам сулруулах болно гэж үзэж байна. Нөгөө талаас Францын Дэвшилтэт Оюутны Холбоо (FAGE) уг бодлогыг сайшааж байна. Холбооны ерөнхийлөгч Сюзанна Нгидамм “Бид энэ системийг удаан хугацаанд шаардсаар ирсэн. Одоо хэрэгжиж эхлэх болсонд талархаж байна” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







