10 баримт: АНУ-ын ерөнхийлөгчийн амь насанд халдсан нь
1865 4 дүгээр сарын 14-нд А.Линкольний амь насанд халдаж буйг дүрсэлсэн нь. © Wikimedia Commons

10 баримт: АНУ-ын ерөнхийлөгчийн амь насанд халдсан нь


   Дональд Трампын амь насанд халдахыг оролдсон явдал өчигдөр Вашингтон хотод гарав. АНУ-ын ерөнхийлөгчийг хөнөөсөн, хөнөөхийг завдсан явдал энэ улсын түүхэнд цөөнгүй гарч байв. Энэ тухай 10 баримт.      

1. Авраам Линкольн (1865)

А.Линкольн бол халдлагад өртөн амь үрэгдсэн АНУ-ын анхны ерөнхийлөгч юм. Иргэний дайн дууссаны дараа түүнийг Вашингтон дахь "Форд" театрт жүжиг үзэж байхад Жон Уилкс Бүүт гэгч араас нь буудан хөнөөжээ.

2. Жэймс Гарфилд (1881)

Ерөнхийлөгч болоод ердөө дөрвөн сар болж байхдаа галт тэрэгний буудал дээр Чарльз Гитод буудуулсан. Ж.Гарфилд шууд нас бараагүй бөгөөд эмч нарын бохир багаж, буруу эмчилгээнээс болж халдвар авснаар хоёр сарын дараа таалал төгсжээ.

3. Уильям Мак-Кинли (1901)

Нью-Йорк мужийн Баффало хотод болсон үзэсгэлэнгийн үеэр анархист үзэлт Леон Чолгош түүнийг ойрын зайнаас хоёр удаа буудсан байна. У.Мак-Кинли шархнаас цусанд халдвар орсноос үүссэн үжил өвчнөөр найман хоногийн дараа нас баржээ.

4. Теодор Рүзвэльт (1912)

Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусныхаа дараа дахин нэр дэвшихээр сурталчилгаа хийж байхдаа буудуулсан. Сум түүний цээж рүү орсон ч Т.Рүзвэльт шархаа үл тоон, цугласан олонд 90 минутын турш илтгэл тавьж дуусгасан нь түүхэнд домог болон үлджээ.

5. Франклин Д. Рүзвэльт (1933)

Ерөнхийлөгчөөр сонгогдоод тангараг өргөхөөсөө өмнө Майамид үг хэлж байхад нь Жузеппе Зангара гэгч гал нээжээ. Ф.Рүзвэльт зүгээр өнгөрсөн ч хажууд нь байсан Чикаго хотын дарга Антон Чермак суманд өртөж амиа алдсан байна.

6. Жон Кеннэди (1963)

АНУ-ын түүхэн дэх хамгийн их маргаан, эргэлзээ дагуулсан халдлага юм. Даллас хотод задгай автомашинтай явж байхад нь Ли Харви Освальд гэг этгээд түүнийг буудаж хөнөөсөн бөгөөд өнөөг хүртэл үүнийг хуйвалдаан байсан эсэх талаар маргасаар иржээ.

7. Жеральд Форд (1975)

Түүний амь насанд ердөө 17 хоногийн зайтай хоёр удаа халдсан бөгөөд хоёуланг нь эмэгтэй хүн үйлдсэн нь сонин юм. Эхний удаад "Мэнсон" бүлэглэлийн гишүүн Линетт Фромм, дараагийн удаад Сара Жэйн Мүүр гэгч халдсан ч Ж.Форд эсэн мэнд өнгөрчээ.

8. Рональд Рейган (1981)

Вашингтон хотын “Хилтон” зочид буудлын гадаа 25 настай Жон Хинкли гэгч түүнийг буудаж, сум уушгинд нь туссан байна. Р.Рейган яаралтай хагалгаанд орж амьд үлдсэн бөгөөд гэмт этгээд жүжигчин Жоди Фостерын анхаарлыг татахын тулд ийм үйлдэл хийсэн хэмээн мэдүүлж байв.

9. Барак Обама (2011)

Оскар Рамиро Эрнандес гэгч Цагаан ордон руу хагас автомат буугаар хэд хэдэн удаа гал нээсэн. Тухайн үед Б.Обама болон түүний гэр бүлийнхэн эзгүй байсан тул хүн бэртэж гэмтээгүй бөгөөд гэмт этгээд 25 жилийн хорих ял авчээ.

10. Дональд Трамп (2024)

Пенсильвани мужид болсон сонгуулийн сурталчилгааны үеэр үг хэлж байхад нь Томас Мэттью Крукс хэмээх этгээд байшингийн дээвэр дээрээс гал нээсэн юм. Сум Д.Трампын баруун чихний дээд хэсгийг оносон бөгөөд тэрбээр амьд мэнд үлдсэн ч цуглаанд оролцож байсан нэг иргэн амиа алдсан байна.

2024 оны 7 дугаар сарын 13-нд Пенсильвани мужийн Батлер хотод үг хэлж байх үед нь Д.Трампыг буудсаны дараах агшин. AP Photo/Evan Vucci 

 

 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.