У.Хүрэлсүхийн Казахстаны айлчлалаар Баян-Өлгий аймаг юу хожив?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстанд. © Ерөнхийлөгчийн Тамгын газар

У.Хүрэлсүхийн Казахстаны айлчлалаар Баян-Өлгий аймаг юу хожив?


   Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан улсад хийсэн айлчлалын үр дүнгийн талаар уг айлчлалын бүрэлдэхүүнд багтан тус улсад ажиллаад ирсэн Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангар мэдээлэл хийлээ. Түүний ярьснаар, айлчлалын хүрээнд Баян-Өлгий аймагтай холбоотой гурван томоохон асуудал шийдэгдэхээр болжээ. Юуны өмнө Казахстаны Өскемен хот болон Баян-Өлгий аймгийн хооронд шууд нислэг эхлүүлэхээр болж, талууд холбогдох хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Баян-Өлгий аймгийн нисэх буудалд Зам, тээврийн яам олон улсын нислэг үйлдэх эрхийн зөвшөөрөл олгоод байгаа бөгөөд Баян-Өлгий-Казахстаны хооронд үйлдэж байсан шууд нислэг 2012 онд зогссон нь ийнхүү эргэн сэргэхээр болжээ. Хоёрдугаарт, Монгол-Казахстаны хооронд авто замаар зорчих хамгийн дөт чиглэлийг тодорхойлж ашиглалтад оруулахаар хоёр улсын хооронд хэлэлцээр байгуулсан байна. Хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан ажлын хэсэг байгуулахаар талууд тохиролцсон бөгөөд одоо ашиглаж буй Монгол-Орос-Казахстан чиглэлийн замыг бус, зөвхөн хоёр улсын хооронд шинэ чиглэл тогтоох юм. Мөн Казахстаны консулын газрыг Баян-Өлгий аймагт нээн ажиллуулахаар болжээ. Энэ саналыг Казахстаны талаас тавьсныг манай тал нааштай хүлээж авсан байна. Өлгий хотод консулын газар байгуулснаар хоёр улсын иргэдийн зорчих урсгал, харилцан худалдаа нэмэгдэхийн зэрэгцээ аялал жуулчлал, бизнесийн орчинд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн талууд үзэж байгаа ажээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.