Израил: Беньямин Нетаньяхугийн эсрэг эвсэл байгуулагдав

Израил: Беньямин Нетаньяхугийн эсрэг эвсэл байгуулагдав


   Израилын өмнөх ерөнхий сайд нар ирэх аравдугаар сард болох сонгуулийн өмнө Беньямин Нетаньяхугийн эсрэг хүчээ нэгтгэж байна. “The Times of Israel” сонины мэдээлснээр, ерөнхий сайд асан Нафтали Беннетт, Яир Лапид нар "Together" нэртэй эвсэл байгуулснаа албан ёсоор зарлав. Я.Лапид "Бид сонгуульд ялж, хүчирхэг, тогтвортой сионист засгийн газар байгуулахын төлөө хүчээ нэгтгэж байна" гэсэн бол Н.Беннетт "Израил улс одоо Б.Нетаньяхугаас татгалзаж, улс төрийн шинэ гарц нээх цаг болсон" гэж мэдэгджээ. Тэдний төлөвлөгөө ёсоор ирэх аравдугаар сарын 27-нд болох сонгуулиар Б.Нетаньяхугийн засаглалыг халах аж. 2023 оны 10 дугаар сард Газын зурваст Палестины ХАМАС бүлэглэлтэй мөргөлдөөн эхэлснээс хойш дайн бараг гурван жил үргэлжилж, саяхан Иран, Ливаны эсрэг довтолгоо эхлүүлсэн явдалд Израилын иргэд ерөнхий сайдаа хурцаар шүүмжлэх болсон юм.

   Дээрх явдал нь хоёр нам нэгдэж байгаа анхны тохиолдол биш ажээ. 2021 оны сонгуулиар баруун, төв, зүүний үзэлтнүүд болон араб угшилтай намуудыг багтаасан "Солонгон эвсэл" байгуулж, 12 жил засгийн эрх барьсан Б.Нетаньяхугийн засаглалыг буулгасан юм. Гэсэн хэдий ч дотоод зөрчлийн улмаас ердөө 18 сарын дараа эвслийн засгийн газар нуран унаж Б.Нетаньяху эргэн төрийн эрхэнд гарсан. Одоогийн байдлаар Израилд Б.Нетаньяхуг хувь хүнийх нь ​​хувьд дэмжих нь эргэлзээтэй байгаа ч, иргэд урт удаан үргэлжилсэн дайны улмаас аюулгүй байдлын баталгаа хүсэж байна. Өнгөрсөн сард Израилын Ардчиллын хүрээлэнгээс явуулсан санал асуулгаар израильчуудын 93 хувь нь Ираны эсрэг цэргийн ажиллагааг дэмжсэн юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.