Гандантэгчэнлин хийд Өмнөд Солонгосын Буддын шашинтнуудтай хамтран ажиллана
Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн төлөөлөл, мөн хийдээс Өмнөд Солонгос улсад суугаа лам нар тус улсын Бурханы шашны Тэгү, Жингак урсгалын тэргүүн лам нарт өчигдөр бараалхлаа. Монголын Бурханы шашны гадаад харилцааг өргөжүүлэх ажлын хүрээнд тус улсад айлчилж буй шанзодба С. Ишцог, Гадаад харилцаа хариуцсан тэргүүлэгч лам М.Ганхуяг нар энэ үеэр Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба Д.Жавзандоржийн мэндчилгээг уламжилжээ. Уулзалтын хүрээнд Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх МБШИС, БНСУ-ын Удюк их сургуулийн Буддын судлалын тэнхим, Бурханы шашны нууц тарнийн судлалын хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна. Санамж бичигт талууд Буддын шашин, тэр дундаа Их хөлгөний урсгалын судлал, Буддын эх бичиг сурвалж бичиг судлал, Буддын соёл, урлаг, нууц тарнийн уламжлалын судлалын чиглэлээр хамтран ажиллахаар тусгажээ. Мөн хамтарсан эрдэм шинжилгээний хөтөлбөр хэрэгжүүлэх, зочин судлаач солилцох, эрдэм шинжилгээний материал харилцан солилцох, Буддын шашны чиглэлээр бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцагч, лам хуврагуудын солилцоог өргөжүүлэхээр тохиролцсон байна.
Өмнөд Солонгосын Буддын шашны тэргүүлэх урсгалын нэг Тэгү нь XIV зуунд үүссэн бол орчин үеийн Буддизм гэгддэг Жингак нь 1947 онд бий болжээ. Хүн амын 15 орчим хувь нь буюу 10 шахам сая нь Буддын шашинтай тус улсад эдгээр урсгалыг баримталдаг сүсэгтнүүдийн тоог ойролцоогоор гурван сая гэж үздэг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







