Хөлбөмбөгийн ДАШТ-ий шагналын санг 655 сая доллар болгон нэмэгдүүлэв
Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ж.Инфантино. © Brennan Asplen/Getty Images/ AFP

Хөлбөмбөгийн ДАШТ-ий шагналын санг 655 сая доллар болгон нэмэгдүүлэв


   Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) энэ зун болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналын санг түүхэн дээд хэмжээнд хүргэн нэмэгдүүлэх шийдвэр гаргасан тухай "The Guardian" сонин мэдээллээ. АНУ, Канад, Мексик улсуудад болох тус тэмцээний нийт шагналын сан 2022 оны Катарын ДАШТ-тэй харьцуулахад үлэмж хэмжээгээр өсөж, 655 сая ам.долларт хүрэхээр болоод байна. Үүнээс гадна багуудын бэлтгэл болон зохион байгуулалтын зардалд зориулж нэмэлт 72 сая ам.доллар хуваарилахыг зөвшөөрчээ. Ингэснээр ирэх ДАШТ-д түрүүлсэн баг 50 сая ам.долларын шагнал хүртэх бол хэсгийн шатанд шалгарсан баг бүр доод тал нь 9 сая ам.доллар авахаар байна. Энэ нь оролцогч 48 багийн аялал, байр, бэлтгэлийн зардлын өсөлтийг нөхөх, үндэсний холбоодод санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

   FIFA 2023-2026 оны мөчлөгт олох орлогоо 11 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн өөдрөгөөр төсөөлж байгаа тул шагналын санг ийнхүү нэмэгдүүлжээ. Холбооны ерөнхийлөгч Жанни Инфантино "Бид хөлбөмбөгөөс олж буй орлогыг эргүүлээд хөлбөмбөгтөө, тэр дундаа үндэсний холбоодын хөгжилд зарцуулах ёстой" хэмээн онцолсон байна. Тэмцээний шагналын сангийн нарийвчилсан хуваарилалтыг энэ долоо хоногт болох FIFA-гийн ээлжит зөвлөлийн хурлаар эцэслэн баталгаажуулна. Ийнхүү 2026 оны ДАШТ нь үзэгчдийн тоогоор төдийгүй санхүүгийн ашиг орлогоороо түүхэн дэх хамгийн нүсэр тэмцээн болох нь тодорхой болжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.