Монгол эмэгтэй Япон улсын төрийн дээд шагнал хүртэв
Б.Сэржав Япон улсын Гадаад хэргийн яамны өргөмжлөл хүртэх үеэрээ. 2022.11.07 © gogo,mn

Монгол эмэгтэй Япон улсын төрийн дээд шагнал хүртэв


   Япон улсын Засгийн газар Монгол улсад япон судлалын үндсийг тавигсдын нэг Б.Сэржавт тус улсын төрийн дээд шагнал “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон хүртээснээ өчигдөр зарлалаа. ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан асан, доктор Б.Сэржав нь эрдмийн ажлын гараагаа 1980 онд ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнгээс эхэлсэн бөгөөд өнгөрсөн хуцгацаанд япон судлалын чиглэлээр 40 гаруй жил тасралтгүй ажиллажээ. Тэрбээр олон тооны эрдэм шинжилгээний өгүүлэл, орчуулгын бүтээл хэвлүүлсний зэрэгцээ япон хэлний боловсролоор дамжуулан хүний нөөц бэлтгэх, хоёр улсын эрдэм шинжилгээний байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулжээ. Япон улсын Засгийн газар түүнд энэ одонг олгохдоо “Хоёр орны эрдэм шинжилгээний харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан” хэмээн тэмдэглэсэн байна.

   1875 онд Япон улсын Төрийн зөвлөлийн шийдвэрээр бий болгосон “Мандах нар” одон нь тус улсын анхны үндэсний одон юм. Японы эзэн хаан гардуулдаг, нийт найман зэрэглэлтэй энэ одонг зөвхөн эрэгтэй хүнд олгодог байгаад 2003 оноос эхлэн эмэгтэйчүүдэд мөн олгодог болжээ. Монгол улсаас “Мандах нар” одонг япон хэлний анхны мэргэжилтнүүдийн нэг Д.Алмаас 1989 онд анх хүртсэн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд энэ одонг Монгол улсын 26 иргэнд олгосон байна.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.