Барилгын хамгаалагчаас дэлхийн тэрбумтан болсон хятад эмэгтэйн түүх
Жоу Чүнфэй. © Sina

Барилгын хамгаалагчаас дэлхийн тэрбумтан болсон хятад эмэгтэйн түүх


   Хятадын хөдөө тосгоны ядуу зүдүү амьдрал дундаас дэлхийн хэмжээний бизнес хатагтай болтлоо өссөн Жоу Чүнфэйн түүх тус улсын олон сая ажилчны хувьд бахархал, урам зоригийн эх ундарга болсоор иржээ. Мэдрэгчтэй дэлгэц үйлдвэрлэгч "Lens Technology" компанийг үүсгэн байгуулагч, өдгөө 56 настай түүний хөрөнгийн хэмжээ 110 тэрбум юань буюу 16 тэрбум ам.доллар болоод байна. Тэрбээр "Hurun Institute"-ээс гаргасан 2025 оны эмэгтэй бизнес эрхлэгчдийн жагсаалтын хоёрдугаарт бичигджээ. Анх 2015 онд Шэньжэний хөрөнгийн биржид компаниа бүртгүүлэх үедээ Жоу 9 тэрбум долларын хөрөнгөөр Хятадын хамгийн баян эмэгтэйгээр тодорсноор олон нийтийн анхаарлыг татаж эхэлсэн юм.

Хатуужлаар туулсан хүүхэд нас

   Түүний амжилтад хүрэх зам туйлын ядуу зүдүү амьдралаас эхэлжээ. 1970 онд Хунань мужийн Шяншян тосгонд төрсөн түүнийг таван настай байхад ээж нь нас барж, аав нь үйлдвэрийн ослын улмаас нэг хуруугаа алдсаны зэрэгцээ хараа нь муудсан байна. Гэрийнхнээ тэжээхийн тулд ногоо тарьж, гахай маллаж, хуванцар хог цуглуулдаг байсан Жоу дунд сургуульд ороод хоёр жил бололгүй гарчээ. Ингээд 15 настайдаа ажил хийхээр Гуандун мужийн Шэньжэнь хотыг зорьсон байна. Анх барилгын талбайд хамгаалагч, дараа нь шилний үйлдвэрт угсрах шугамын ажилчнаар орсон тэрбээр чөлөөт цагаа нягтлан бодох бүртгэл, компьютер бие даан сурахад зориулдаг байв. Удалгүй цехийн дарга, улмаар үйлдвэрийн менежер болтлоо дэвшиж чаджээ.

Сүйрлийн ирмэгээс амжилт руу

   1993 онд Жоу хамаатны зургаан хүний хамтаар гурван өрөө байр хөлслөн хувийн бизнесээ эхлүүлжээ. Анх торгон хэвлэлийн үйлчилгээ эрхэлж байгаад, цагны шил үйлдвэрлэх болсон байна. 2003 онд гар утасны дэлгэцийн шил үйлдвэрлэх "Lens Technology" компанийг байгуулсан ч хамтрагч нь хаяж явснаар компани нь дампуурлын ирмэгт тулав. 2004 онд тухайн үеийн гар утасны дэлхийн зах зээлийн аварга тоглогч, АНУ-ын "Motorola" компани Жоуд хандаж, нэг метрийн өндрөөс унахад хагардаггүй шил үйлдвэрлэж чадах эсэхийг асуужээ. Тухайн үед аль ч орны шил үйлдвэрлэгч үүнийг хийж чадахгүй байв. Харин Жоу болон түүний баг хэдэн сарын турш өдөр шөнөгүй судалгаа хийсний эцэст технологийн нээлт хийж, уг гэрээг авч чадсан байна.

"Apple-ийн нийлүүлэлтийн хаан

   2007 онд түүний компани "Apple"-д бүтээгдэхүүн нийлүүлж эхэлснээр Жоугийн хувь заяа эргэлт буцалтгүй өөрчлөгдсөн юм. Тэр цагаас хойш "Lens Technology" компани "Apple-ийн нийлүүлэлтийн хаан" хэмээх нэр зүүх болжээ. Хүссэн амжилт ирсэн хэдий ч, түүнийг тойрсон цуурхал тасарсангүй. Жоуг баян хүний нууц амраг байсан, анхны бизнесээ тэр хүнийхээ мөнгөөрөө эхлүүлсэн гэх мэт яриа гарч байв. Жоу эдгээр гүтгэлгийг няцаахын тулд маш их хүчин чармайлт гаргаснаа Хятадын бизнес, санхүүгийн "Jiemian News" сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр "Би өндөр алдар нэрд тохирох хүн биш. Амжилтад хүрсэн үедээ биеэ тоохгүй байх, хэцүү цаг үед гутарч хэвтэхгүй байх нь хамгийн чухал" хэмээн өгүүлсэн юм.

Бууж өгөөгүй тэмцэл

   2001 онд аавынхаа бэлэглэсэн Зөвлөлтийн зохиолчийн номыг Жоу одоо ч нандигнан хадгалдаг бөгөөд аав нь түүнд "Номын гол дүрийн баатар шиг хатуужилтай байж, бэрхшээл бүрийг сөрж яваарай" хэмээн захидаг байжээ. Өнөөдөр Жоу зөвхөн нэг үйлчлүүлэгчээс хамааралтай байхын эрсдэлийг тооцож, компаниа автомашин, робот техник зэрэг бусад салбарт өргөжүүлж байна. Өнгөрсөн долоодугаар сард "Lens Technology" Хонконгийн биржид хувьцаагаа гаргасан юм. "Хөдөөний ядуу охиноос үйлдвэрийн ажилчин, улмаар амжилттай компанийн захирал болж чадсан маань аз биш, харин бууж өгөх дургүйнх. Би тулалдах дуртай. Одоо хэр нь өөрийнхөө төлөө биш, харин амьдралын төлөө тэмцэж буй нийгмийн доод давхаргын эгэл хүмүүсийн төлөө тулалдаж байна" хэмээн тэрбээр өгүүлжээ. Түүний энэхүү тэмцэл олон мянган залууст үлгэр дуурайлал болсоор байна.

Эх сурвалж: “South China Morning Post” сонин.

22 настай Жоу Чүнфэй. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.