Байгаль хамгаалагчид эрх зүйн гарын авлагатай боллоо
Байгаль хамгаалагчдын эрх зүйн мэдлэг, практик ур чадварыг дээшлүүлэх зорилготой “Байгаль хамгаалагчдад зориулсан гарын авлага-I” номын нээлт энэ сарын 5-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд боллоо. Энэхүү гарын авлага нь идэвхтэн байгаль хамгаалагч, улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагчдын эрх, үүрэг, ялгаа болон хамтын ажиллагааны чиг үүргийг практик жишээ, комик зурагтай хослуулан тайлбарласнаараа онцлог ажээ. Түүнчлэн байгаль орчны хууль тогтоомж биелүүлэх, зөрчил илрүүлэх, баримтжуулах, шаардлага тавих, хяналт шалгалт хийхтэй холбоотой заавар, загвар, тайлбаруудыг сонирхолтой байдлаар багтаасан байна. Уг гарын авлагыг эрх зүйч Т.Цэрэн бичиж, Монголын байгаль хамгаалагчдын холбоо, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, "Ханнс Зайделийн сан"-гийн дэмжлэгтэйгээр хэвлүүлэн гаргажээ. Улмаар энэ сарын 5-ны өдөр улсын байцаагч, байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагчдад гардуулан өгсөн байна. Уг гарын авлагад, байгаль хамгаалагчдыг хүний нөөц, санхүүжилт, техник хэрэгслийн хүрэлцээ дутмаг нөхцөлд ажиллаж байгааг онцлоод, байгаль хамгаалагчдын өмнө тулгамдаж буй гол асуудлын нэг нь гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох үед мэдлэг, техник хэрэгслийн дутмаг байдал болохыг тэмдэглэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







