Япон: Бүтээгдэхүүний хайрцаг сав дээрх зураг, тайлбарыг өнгөгүй хэвлэнэ
Японы хөнгөн зуушны “Calbee” компани энэ сарын 25-ны өдрөөс эхлэн төмсний чипс зэрэг гол бүтээгдэхүүнийхээ сав, баглаа боодлын зураг, тайлбарыг хар цагаан болгож өөрчлөхөөр болсон тухай хэвлэлүүд мэдээлэв. Үүнийг газрын тосны үнийн огцом өсөлт болон Ираны Ормузын хоолой хаагдсанаас болж хэвлэлийн бэх үнэд орсонтой холбон тайлбарлажээ. Үүнд хэрэглэгчдийн танил болсон "Light Salt" болон "Consommé Punch" зэрэг 14 нэр төрлийн бүтээгдэхүүн багтсан байна. Тус компанийн зүгээс "Ойрх Дорнодын хурцадмал байдлаас болж зарим түүхий эдийн үнэ огцом өсөж байна. Энэ байдал цаашид хэрхэх нь тодорхойгүй байгаа тул бид тогтвортой нийлүүлэлтийг нэн тэргүүнд тавьж байна" гэж мэдэгдэв. Ормузын хоолойг хаасантай холбоотойгоор дэлхийн улс орнууд түүхий тос худалдан авахад бэрхшээл тулгарч байна. Улмаар тос боловсруулах дайвар бүтээгдэхүүн болох нафта ихээр хомсдож, үнэ нь огцом өсжээ. Нафта нь нефть химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг түүхий эд бөгөөд энэ хомсдол нь хэвлэлийн бэхийн уусгагч, давирхай, цаашлаад өнгөт бэх тасалдахад хүргээд байгаа аж. Мөн гахайн утсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Ito Ham Yonekyu” компанийн захирал Хироки Үрата "Цаашид бүтээгдэхүүний сав, боодлыг өнгөтөөр хэвлэхэд улам хэцүү болно. Тийм болохоор нийтээр хар цагаан хэвлэл рүү шилжих магадлалтай" гэж мэдэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







