АНУ-ын хотын дарга эмэгтэй Хятадын тагнуул байжээ

АНУ-ын хотын дарга эмэгтэй Хятадын тагнуул байжээ


   2021 оны зургаадугаар сард The Los Angeles Times сонинд Лос Анжелест суугаа Хятадын Ерөнхий консул Жан Пиний нийтлэл хэвлэгджээ. Энэ нь тухайн үеийн Жо Байдены засаг захиргаа Шинжаан Уйгурын бүс нутгаас хөвөн зэрэг бараа импортлохыг хориглож, Хятад дахь хүний ​​эрхийн зөрчлийн тухай дурдсан сонины өмнөх дугаарын нийтлэлийг няцаасан өгүүлэл байв. Нийтлэлд "Шинжаанд ямар ч геноцид байхгүй, хөвөнгийн үйлдвэр зэрэг орчинд албадан хөдөлмөр хийлгэдэггүй. Эдгээр цуурхал нь Хятадын засгийн газрыг гүтгэж, Шинжааны аюулгүй байдалд хор хохирол учруулж, Хятад улсын хөгжлийг саатуулах зорилготой" хэмээн дурдсан байв. Уг нийтлэлийг Хятадын засгийн газрын албан тушаалтнууд WeChat аппликейшнээр дамжуулан хятад гаралтай америк иргэдэд илгээж, мөн цахим мэдээллийн сайтаар дамжуулан хуваалцсан байна. Харин тус мэдээллийн сайтыг ажиллуулдаг Калифорни мужийн жижиг хотын даргыг холбооны прокурорууд эх орноосоо урвасан хэргээр буруутгажээ. Тодруулбал АНУ-ын Хууль зүйн яам Калифорни мужийн Аркадиа хотын дарга 58 настай Эйлин Ван хэмээн эмэгтэйг БНХАУ-ын эрх ашгийн төлөө хууль бус үйл ажиллагаа явуулсан хэргээр яллах дүгнэлт үйлдсэнийг мэдэгдсэн байна. Аркадиа нь 56 мянга орчим хүн амтай жижиг хот бөгөөд Калифорнийн хамгийн баялаг нутгийн нэг гэж үздэг. Эйлин Ван нь энэ оны хоёрдугаар сард хотын даргын албан тушаалд томилогдсон бөгөөд Хууль зүйн яамны мэдээллийн дараа албан тушаалаасаа шууд огцорсон байна.

   Прокурорууд түүнийг Хятадын засгийн газрын албан тушаалтнуудын удирдлага, хяналтын дор АНУ-д Хятадыг дэмжсэн олон нийтийн санаа бодлыг түгээх зорилгоор суртал ухуулгын кампанит ажил явуулж, АНУ-ын үндэсний ашиг сонирхлыг зөрчсөн гэж буруутгаж байна. Яллах дүгнэлтэд дурдсанаар, Ван 2020-2022 оны хооронд Хятадыг дэмжсэн үзлийг бий болгох зорилгоор сонгуулийн кампанит ажлыг нь удирдаж байсан хуучин нөхөр Яо Нин Шений хамт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогджээ. Тэрбээр олон тооны дагагчтай цахим сувгуудаар дамжуулан Хятадыг дэмжих санаа агуулсан сурталчилгаа, нийтлэлүүдийг түгээдэг байжээ. Ингэх явцдаа Хятадын албан тушаалтнуудын зааврын дагуу нийтлэлийн агуулгыг өөрчлөх, баяжуулах, түүгээр үл барам цахим нийтлэлийнхээ хандалтыг бүртгэж цааш мэдээлдэг байсан аж. Мөрдөн байцаалтын явцад Ван гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч, хөнгөн шийтгэл ногдуулахыг хүссэн байна. Хятадыг дэмжигч олон нийтийн санаа бодлыг өдөөхөд түүнтэй хамтран ажилласан Яо Нин Шенд дүүргийн шүүхээс 20 сарын хорих ял оноожээ. Үүнтэй холбогдуулан АНУ тагнуулын мэдээлэл цуглуулах Хятадын ажиллагаа улам нарийн, боловсронгуй болж байгааг Хууль зүйн яам анхааруулсан байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.