Герхард Шрёдерийг энхийн хэлэлцээрийн зуучлагчаар сонгох саналыг Европын удирдагчид эсэргүүцэв
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин саяхан Германы канцлер асан Герхард Шрёдерийг Украины энхийн хэлэлцээрийн зуучлагчаар нэрлэсэн боловч Европ даяар түүнийг эрс эсэргүүцэж, "В.Путины хүүхэлдэй" хэмээн нэрлэсэн байна. Германы хөдөлмөрийн реформыг удирдаж байсан зүүний үзэлтэй удирдагч гэгддэг Г.Шрёдерийг улс төрийн амьдралынх нь сүүлийн жилүүдэд "Оросын талыг баримтлагч" гэж нэрлэх болсон юм. “Reuters” агентлагийн мэдээлснээр, Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Кая Калас Брюссельд болсон Европын Холбооны Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Г.Шрёдерийг эрс шүүмжилж, "Хэлэлцээрийн ширээний хоёр талд хоёр Путин сууж байгаатай адил" гэж мэдэгджээ.
Германы засгийн газар мөн санал нэг байгаагаа илэрхийлэв. Германы Гадаад хэргийн дэд сайд Гюнтер Крихбаум "Г.Шрёдер өнгөрсөн хугацаанд В.Путины хүчтэй нөлөөнд байсан тул түүнийг төвийг сахисан зуучлагч гэж үзэх боломжгүй" гэжээ. Германы Социал Демократ Намын (SPD) гишүүн Г.Шрёдер нь 1998-2005 онд тус улсын Канцлераар ажилласан бөгөөд энэ хугацаандаа хөдөлмөрийн зах зээлийн шинэчлэл болох "2010 оны хөтөлбөр"-ийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Тухайн үеийн түүний шинэчлэлийн хөтөлбөрийг Европын зүүний улс төрийн төлөөллийн амжилтын түүх хэмээн нэрлэж, Герман улс урт хугацааны эдийн засгийн зогсонги байдлаас гарах үндэс суурийг тавьсан гэж үнэлдэг ажээ. Гэсэн хэдий ч албан тушаалаасаа буусны дараах үйлдэл нь олны шүүмжлэлд өртөх болсон юм. Учир нь тэрбээр В.Путинтэй тогтоосон дотно харилцаагаа ил цагаан харуулж, Оросын газрын тосны “Роснефть” компанийн ТУЗ-ын гишүүн, Герман, Оросыг холбосон “Норд Стрим” хийн хоолойн компанийн Хувьцаа эзэмшигчдийн холбооны даргаар ажиллах болсон байна. Ялангуяа 2022 онд Орос улс Украинд халдан түрэмгийлсний дараа ч Оростой тогтоосон бизнесийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлсээр ирсэн ажээ. Үүнээс болж Германы Холбооны Парламент хуучин Канцлеруудад олгодог албан ажлын байр, туслах ажилтнуудын төсвийг танаж, нэгэн цагт түүнийг дэмждэг байсан Социал демократ намын дотор Г.Шрёдерийг намаасаа хөөх уриалга хүртэл гарч байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







