Дээд монгол Г.Буяндалай: Өвөг дээдсийнхээ нутагт ирснээ ээждээ очиж ам бардам яримаар байна

Дээд монгол Г.Буяндалай: Өвөг дээдсийнхээ нутагт ирснээ ээждээ очиж ам бардам яримаар байна


“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд Монголын үндэсний нүүдэлчин эсгийчдийн холбооны урилгаар Хятадын Хөхнуур мужийн Хайшигийн монгол, төвөд өөртөө засах тойргоос ирж оролцсон хоньчин Г.Буяндалай сүүлийн гурван жил хийсэн аяллынхаа тухай товчхон өгүүллээ. Тэрбээр өөрийн зохион бүтээсэн гэр тэргээрээ аялж явдаг хүн юм.

   Би Хөхнуурын Дээд монголоор нутагтай, Монголоо зорин ирж, өвөг дээдсийнхээ нутаг усаар аялах гэж олон жил бодсон хүн. Аялал маань уржнангийн тавдугаар сарын 10-нд гэгээн Гүүш хааны хөшөөний дэргэдээс эхэлсэн. Энэ хөшөө Дээд монголын Дэлхий хотод байдаг. Тэгэхээр би өвөг дээдсийнхээ нутгаас бүр дээд өвөг дээдсийнхээ орон нутаг руу аялж ирсэн хүн юм. Аялсаар гурав дахь жилтэйгээ золгож байна. Туулсан нийт зам маань Эрээн хотод ирээд 13 мянга км хүрлээ. Энэ хүртэл би гэр тэрэгтэй явсан. Харин Эрээнд би сайхан эсгий гэрээ үлдээгээд ирлээ. Учир нь, хоёр орны хилээр орж гарахад зардал мөнгө арвин гарахаар байв. Тэгээд наашаа машинаар ирсэн. Эсгий гэрт маань борц, мөнгөн аяга, шанага, саваа хийдэг дан эсгий уут, сав бий. Дээд монголчууд эсгий гэртээ яаж амьдардаг, тэр бүхэн шингээстэй байж байгаа. Гэвч гэр тэргээ авчирч чадаагүй тул та нартайгаа зөвхөн зураг сүүдрээрээ уулзаж танилцах нь. Гэрээ та нартаа танилцуулсан бол мөн ч сайхансан. Гэсэн хэдий боловч би өвөг дээдсийнхээ нутагт ирээд агаарын амьсгаа авч, рашаан усыг нь дээжилж, хөрсөнд нь мөрөө гаргасандаа маш их баяртай байна.

   Манай тэнд одоо арван түм гаруй монголчууд амьдарч байдаг. Дөрвөн улирлаараа нүүж, таван хошуу малаа маллан амьдарч байна. Би яг л тэдний нэг малчин хүн. Дээд монгол гэдэг тэр жижигхэн, хэдхэн монголчуудаа би дэлхийд таниулъя гэж ингэж хүч хөлсөө гаргаж явна. Энэ бол миний заавал хийх ёстой зүйл юм. Хүн болгонд өөрийн гэсэн хариуцлагатай гэж бий. Монгол хүн болж төрснийхөө хариуцлагыг би энэ ажлаараа биелүүлж яваа гэдгээ та нартаа ам бардам хэлмээр байна аа.

Андтайгаа явахад ажрахгүй

   Би нохойтойгоо хамт замд гарсан хүн. Миний нохойг Анд гэдэг. Аян зам, эзгүй газар ганц хань минь юм. Баавгай, чоно зэрэг араатан жилдээ хэдэн хүн авдаг тийм эзгүй тал, далайн түвшнээс 5000 метр өндөр зэлүүд буйд нутгийг би Андтайгаа ажиггүй туулаад гарч ирлээ. Монгол хүн гэдэг чинь байгалиа, тэнгэрээ, араатан гөрөөс, амьтай тоотой бүхнээ шүтдэг болохоор араатан гөрөөс нь монгол хүнийг мэдэрдэг юм байна. Тийм учраас би айж цочилгүй, амгалан, амар түвшин аялж явсаар энэ хүрлээ.

   Гэр тэргээ би өөрөө хийсэн. Нэг жижигхэн мотортой юм. Тэр нь ажиллахаар дугуй нь эргэнэ. Дугуй эргэхээр жолоог нь би өөрөө зална. Мотортой болохоор жолоогоо барьчихдаг. Жолоогоо бариад алхчихна, хурдыг нь тааруулна. Мотортойн хүчинд нэг тонн гаруй гэрээ аваад яваад байдаг юм. Өмнөд нутагт газрын түвшин өндөр. Уулын огцом өндөр амаргүй. Ингэж л би Дээд монголынхоо соёл, амьдрал, хүн чанар, эх байгалийн сайхан энергийг олон түмэнтэйгээ хуваалцаж, дэлгэрүүлж явна. Өөрөө ч хүн зон, байгаль дэлхийгээс энерги авч аялж яваа эгэл жирийн хоньчин хүн юм аа.

   Би дөрвөн сард аялж гарвал аравдугаар сар гарч тэнгэр хүйтэртэл яваад амарчихдаг. Зарим үед боломжтой бол нутагтаа хариад ээждээ эрхэлчихдэг юм. Хол замд зорьж гарсан бол буцахад амаргүй, ээждээ очиж дийлдэггүй. Би төрүүлсэн ээж, аав, монгол өвөг дээдэстээ маш их баярлаж бахархаж, тэднийгээ шүтэж явдаг. Учир нь, эдгээр эсгий гэр, хэрэгсэл, арьс шир гэх мэтийг өвөг дээдэс минь бидэнд үлдээж өгсөн юм. Тийм болохоор би баян хүн. Тэгээд л ингэж аялж явна. Хоолоо гал дээр хийнэ. Хонины махаа борцолно, хөх тарианы гурил хуурч борцтой хоол хийдэг. Монгол хүн амьдрахад ядах юм юу ч үгүй. Байгаагаараа л амьдарчихна. Цагаа, гурил, борц байхад л болчихно. Би ааруул, өрөм, цөрөм, тараг, сүүтэй явдаг. Гол төлөв хатаасан хүнс хэрэглэдэг дээ.

Хүн, нохой, гэр тэрэг гурав аяны замд.

Дэлхий хотоос хөдөлж дээдсийн мөрөөр аялсан нь

   Би монгол хүн хаана мөрөө гаргаж үлдээсэн байна, тэр нутгийг сонгож, мөшгөж аялдаг. Анх Дэлхий хотоос Дулааншанд, тэндээсээ Сычуань хүрсэн. Сычуань муж хэдийгээр Хятадын орон боловч монголчууд бас байж байгаа. Тэгээд Лхас орсон. Лхаст монголчууд бас байхын зэрэгцээ гэгээн Гүүш хааны үлдээсэн мөр, өв ихтэй газар. Монголчуудын ул мөр, нэр алдар шингэсэн газар орноор л ингэж монгол гэртэйгээ аялж явна даа. Гэрээ аргагүйн эрхэнд орхиод машинаар явсан газрууд ч бий. Жишээ нь, би Лхасаас Балба явсан юм. Балба бол бас л манай өвөг дээдсийн мөр юугаан гаргасан газар. Тэнд машинаар хүрээд буцаж эргэхдээ бөмбөрцгийн энергийн хүйс болох Сүмбэр уул буюу Кайласт хүрсэн. Далайн түвшнээс дээш 5655 метр өндөр газар юм. Балбаас гэдрэг гарахдаа явган явж Сүмбэр ууланд хүрсэн. Тэр уулыг баргийн хүн тойрч чаддаггүй. Тэндээс буцаад Лхаст ирсэн. Ингээд Төвөдийн нутгийн хойд зах, Шинжааны өмнө талаар явж Ганьсу мужид ирлээ. Тэндээсээ Ниншя руу орж, цаашлаад Алшаа Баруун хошуу, Зүүн хошуу, Ордосын Отог хошуу, Өмнөд хошуугаар дамжиж Чингис хааны онгонд ирж хэсэг амарсан. Чингисийн онгоны тэндээс хөдөлж явсаар Хөххот, Бугатаар дайран Эрээнд ирлээ. Өвөг дээдсийнхээ нутагт харин гэртэйгээ ирж чадсангүй. Улаанбаатарт машинаар ирэв.

   Улаанбаатараас би Хөвсгөл хүртэл аялсан. Хөвсгөл, Хархорин гээд энэ завсарх нутгаар бүгдээр нь аялаад сар гаруй боллоо. Тэгээд одоо намар болж, найр таараад байна. Монголын үндэсний нүүдэлчин эсгийчдийн холбоо надад "Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд оролцох урилга ирүүлснээр визээ сунгуулсан юм. Монголчууд надад ийм аз завшаан хайрласанд маш их баярлаж байна. Энэ бол миний хагас насны мөрөөдөл байсан. Мөрөөдөл минь ийнхүү биеллээ. Одоо би ээждээ очиж ам бардам яримаар байна. Учир нь, хүү нь мөрөөдлөө биелүүлсэн, өвөг дээдэстээ очиж золгосон. Би ээжийн хүү болж чадсан. Аавын хүү ч мөн. Монголчууд ийм сайхан аж амьдарч байдаг юм байна. Эх байгаль нь сайхан юм. Эдгээр бүгдийг ээждээ ярьж өгч, өөрөө нэг тэмдэглэл үйлдэх бодолтой байна даа.

  Миний ээж одоо 74 настай. Би ээжийгээ тэргэн дээрээ авч явъя гэж бодоод нууцаар бэлтгэсэн юм. Гэнэтийн бэлэг барих гэж тэр. Бэлтгэлээ базаасаар яг замд гарах болж зураг сүүдэр татуулах үед ах дүү нар маань мэдээд зөвшөөрөөгүй. Миний нагац, авга нар л даа. Учир нь, би газрын өөдөө яваа. Хээр гадаа хоноглож явахаар хөгшин хүнд газар нь өндөрдөнө. Явах газар маань ихэнхдээ эзгүй болохоор хүний тус дэм олдохгүй тийм газар ээж минь зутрах юм байна гэдгийг ойлгож, арга буюу үлдээгээд нүдэндээ нулимстай гарсан даа. Хүслээ биелүүлээд би бас өнөөдөр нулимстай байна. Гэхдээ сэтгэл маш их хөдөлсөн, дотроо үгээр хэлэхийн аргагүй огшсон ийм л янзтай байна даа.

Г.Буяндалайн аялсан зам газрын зурагт.

Аян замд учирсан азай буурлууд

   Аян замд би энерги авдаг олон сайхан хүмүүстэй уулздаг, өдөртөө нэг баярладаг. Жишээ ярья. Өвөр Монголд явж байхад дөрвөд угсаатан 88 настай хөгшин намайг зорьж ирсэн юм. Замд явахад хүмүүс намайг гэртээ аваачих гэж булаацалдаад, дийлсэн нь аваачиж хоол идүүлж зочилдог юм. Нэг өдөр хүмүүс мөн тэгж аваачиж зочлоод нанчид уулгав аа. Нанчид уучхаад буцаад иртэл нэг сайхан ээж гэр түшээд сууж байх юм. Хамт яваа хүмүүс “Чамайг 88 настай ээж хүлээж байна. Чамд дуу дуулж өгмөөр байна гэнэ” гэж хэлсэн. Тэгээд яваад очтол тэр ээж “Сайн явж ирэв үү, миний хүү?” гэхэд нь “Сайхан явж ирлээ” гэв. Тэгтэл “Ээж нь хүүдээ дуу дуулж өгмөөр байна” гэсэн. Миний баярласан гэж тоймгүй. Ээжийг гэрт залж цай, идээ барилаа. Тэгээд тэр настай ээж дуучин Тэнгэрийн дуулдаг “Аргалын утаа” дууг надад дуулж өгсөн байхгүй юу. Би маш их баярласан. Ийм сайхан, сэтгэл огшоосон явдал надад олон тохиолдсон.

   Бас нэг удаа хөл муутай нэг настан ирлээ. Мөн л Өвөр Монголын дөрвөд угсаатан. Тэргэнцэртэй боловч гэрийн маань дэргэд алхаад ирж байгаа юм. Тэгээд тэр хөгшнөөс би “Хөл муутай байж та яагаад алхав?” гэж асуухад “Гэрт чинь орж үзье гэж бодсон учраас тэрэгнээсээ шүд зууж буугаад, яваад ирлээ” гэсэн. Ингээд замд гарсан хойно, нэг өдрийн дараа охин нь над руу утсаар ярьж байна. “Миний аав ор руугаа өргүүлж сууж, өргүүлж буудаг байсан хүн. Тантай уулзсанаас хойш орон дээрээс өөрөө босоод хувцсаа өмсдөг, алхдаг болсон” гэж. Тэр хүн надад мөн л нэг бадаг дуу дуулж өгсөн. Миний нэрийг оруулж нэг бадаг дуу өөрөө зохиосон юм. Тэгээд л хөл нь тэнэгэр алхаж ирээд, дуу дуулж өгөөд буцсан даа. Өвөг дээдсийн маань суудаг эртний уламжлалт гэр орон ийм байж гэдгийг нүдээр үзэхээрээ тэгж их баярладаг юм гэнэ. Санаандгүй тохиолдсон ийм сайхан явдлаа яривал надад барагдахгүй олон байна даа.   


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.