Ж.Баярмагнай:  Би энэ ДАШТ-д оролцохыг гурван жил мөрөөдсөн

Ж.Баярмагнай:  Би энэ ДАШТ-д оролцохыг гурван жил мөрөөдсөн


Пауэрлифтингийн Олон улсын хэмжээний мастер Ж.Баярмагнайтай ярилцлаа. Тэрбээр энэ сарын эхээр Коста Рика улсад болсон Өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нийлбэрийн хүрэл медаль хүртсэн билээ. Энэ нь түүний оролцсон анхны олон улсын тэмцээн байв.

        Би 2020 онд энэ спортод анх хөл тавьсан. Миний анхны багш Х.Баттөмөр гэж хүн бий. Пауэрлифтингэээс өмнө бол зургаадугаар ангиасаа жүдо бөхөөр хичээллэж, аймаг, бүсийнхээ тэмцээнд оролцчихдог хүүхэд байв. Анх 2019 онд нэг найз маань “Хоёулаа төмөр өргөж үзэх үү?” гэж надаас асууж билээ. Тухайн үед найзууд маань намайг их бяртай гэдэг байсан болохоор хэдийгээр сайн мэдэхгүй ч оролдоод үзье гээд сар хичээллэсэн. Зун нь хөдөө амарч зугаалж, намраас жинхэнээсээ бэлтгэл хийж эхэлсэн юм. Тухайн үед жүдогоо орхиогүй байсан. Үе үе  пауэрлифтингийн тэмцээнд орно, байр эзэлнэ. Тэрэндээ их урамшина. Нэг жил УАШТ-д өсвөрийн ангиллаас хасагдахынхаа өмнө сонирхоод орлоо. Тэгтэл 125 кг жинд цээжнээс шахалтаар гуравдугаар байр эзэлчихэв. Дараа жил нь залуучуудын ангилал руу шилжиж УАШТ-д оролцох бүрдээ медаль авдаг болсон. Миний оролцдог төрөлд олон жил хичээллэсэн, насаар ах, цагдаа хүчний байгууллагын чадварлаг тамирчид олон. Жил бүр л өрсөлдөөнтэй, эхний гурван байраа булаацалддаг байсан. Өнгөрсөн жил гэхэд би цээжнээс шахалтаар 242.5 кг өргөж Монголын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Манай тамирчдын хувьд тайзан дээр өргөсөн жингээрээ хувийн рекордоо шинэчилж явдаг. Одоогоор миний хувийн рекорд 380 кг. Энэ жил би залуучуудын ангиллаас хасагдаж, насанд хүрэгчдийн төрөл рүү ахина. Миний хувьд өргөн цээжтэй, том булчинтай, бүдүүн гуятай байхыг илүүд үздэг учраас энэ спорт яг таардаг. Сүүлд 2024 оноос ОУХМ Т.Сайфолла багшийн удирдлага дор бэлтгэл хийж эхлээд багшийнхаа заавар зөвлөгөөгөөр анхны олон улсын тэмцээндээ амжилттай оролцож медаль хүртээд байна. 2025 оны Өсвөр үе, залуучуудын ДАШТ өнгөрсөн сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны хооронд Коста Рика улсын Сан Хосэ хотод болсон юм. Улсаа төлөөлж -74 кг жингийн тамирчин Б.Хас бид хоёр хамт явсан. Бид наймдугаар сарын 25-нд тэмцээн болох газартаа очиж, маргааш нь Б.Хас тэмцээндээ оролцсон бол би дараагийн өдөр нь тайзан дээр гарах хуваарьтай байв. Би -120 кг жинд штангтай суултаар зургаан тамирчинтай өрсөлдөж, 352.5 кг-ыг өргөснөөр хүрэл медалийн болзол хангасан. Харин Б.Хас маань газраас штанг таталтын төрөлд 262.5 кг өргөж мөнгөн медаль авлаа. Бид  нийлбэр оноогоор хүрэл медаль хүртсэн. Ингэхдээ эхний оролт дээрээ 269 кг, дараагийнх дээрээ 262.5 кг суугаад гурав дахь оролтоо тооцуулж чадаагүй хаалгасан.

-74 кг жингийн тамирчин Б.Хасын хамт.

Дэм дэмэндээ

   Энэ тэмцээн миний анхны олон улсын тэмцээн байсан учраас бэлтгэл сургуулилтад гүн туслалцаа үзүүлсэн дасгалжуулагч Т.Сайфолла, Ананд, Жанлав, Олдохзаяа ах нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Тухайн үед манай Т.Сайфолла багш, холбооны маань удирдлагууд өөр газар пауэрлифтингийн “World Game” тэмцээнд оролцож таарсан ч боломж гарах бүрийд багштайгаа утсаар ярьж, захиалгаа хэрхэн өгөх, аль жинд яаж өргөх зэргээ зөвшилцөж байлаа. Бусад үед нь Б.Хас бид хоёр нэгнийхээ хөл гарыг боож, захиалгыг нь өгч дэм дэмэндээ оролцоод ирсэн. Тамирчид тайзан дээр тайван гарахын тулд эхний захиалгаа урьдчилаад өгдөг дүрэмтэй. Харин хоёр дахь захиалгаа эхний жингээ өргөж дуусуутаа нэг минутын дотор өгөх ёстой байдаг. Энэ үед хамт явсан тамирчинтайгаа зөвлөлдөх их нэмэртэй. Хэрэв өгөгдсөн хугацаанд амжихгүй бол хоёр дахь өргөлтийн жин автоматаар 2.5 кг-аар нэмэгддэг. Би хоёр дахь захиалгаа 62.5 кг гэж тооцоолсон. Тэгээд туухайгаа өргөтөл дунд хэсэг дээрээ шөрмөс татаж, гурав дахь дээрээ дахиад л шөрмөс татаад гацчихсан. Тийм болохоор эхний өргөлтийн жингээ л тооцуулсан. Дараа нь юун дээр алдсанаа бодож үзтэл, тэмцээний өмнө биеэ халаахдаа 30 минутын дотор 330 хүртэл кг өргөсөн нь буруудсан байсан. Богино хугацаанд огцом хүнд жин өргөх ёсгүй л дээ. Хажуугаар нь хоолны дэглэм барьж байсан болохоор юу ч идэлгүй орсон юм. Наймдугаар сарын 5-наас 27 хүртэл би 11 кг жин хассан. Өдөрт дөрвөөс таван цаг бэлтгэл хийж, гурил сахарнаас бусдыг идэж, нэмэлт витаминаа тогтмол хэрэглэж байлаа. Ингээд 130 кг-аас 118.5 кг болж тэмцээний өдөр жин дээрээ зогссон доо. Нэг талаараа тэмцээн болсон газар Монголоос 13 цагийн зөрүүтэй, харьцангуй чийглэг, дулаан уур амьсгалтай болохоор эрч хүч, эрдсээ алдсан болов уу ч гэж бодсон. Гэсэн ч тухайн үедээ аль болох анхаарлаа төвлөрүүлж, сэтгэл зүйгээ тогтвортой байлгахыг хичээсэн. Миний хувьд энэ спортоор хичээллэснээр биеийн хөгжлөөс гадна сэтгэл зүйгээ хатуужилтай болгосон гэж боддог. Энэ жилийн дэлхийн аваргад АНУ, Норвегийн баг өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон. Намайг бие халаалтаа хийж байхад АНУ-ын зарим тамирчин ирж, дискийг маань угсарч өгч байлаа. Хэдийгээр миний жингийн оролцогч тэр багт байсан ч, өрсөлдөгч гэж харалгүй нэгэндээ тустай байгаа нь их сайхан санагдаж байв.

Машинаа зарж зардлаа олов

   Би энэ ДАШТ-д оролцохыг гурван жилийн өмнөөс мөрөөдсөн. Тухайн үед зардал мөнгөгүй байсан болохоор олон улсын сайтаас  өөр улсын тамирчдын амжилтыг хараад л сууна. Би ч гэсэн өргөж чадна даа гээд л санаанд багтана.  Тэгээд энэ жил өөрт байсан нөөц бололцоогоо дайчлаад ДАШТ-д орохоор шийдсэн. Пауэрлифтинг Олимпын төрөлд тооцогддоггүй учраас зардлаа өөрөө гаргах шаардлагатай байдаг. Улсаас тал зардлыг нь гаргана гэсэн ойлголт байхгүй. Тэмцээнд явахын тулд нийт 22 сая төгрөг шаардлагатай болсон. Эхлээд Шанхай явж визээ мэдүүлэхэд 2.5 сая төгрөг. Дараа нь тэмцээнд очих, буцах тийзний зардал 13.5 сая хавьцаа. Буудлын төлбөр 3 сая төгрөг. Мэдээж халаасны мөнгө хэрэгтэй. Тэгээд л зардлынхаа талыг ч болов олохын тулд машинаа зарсан даа. Ар гэрийнхэн маань ч зөвөөр ойлгон хүлээж авахад маш их баярласан. Ээж, эхнэр маань зорьсондоо хүрэхэд чамд юу ч саад болох ёсгүй, мөнгө хэзээд олдох учраас зорилгоо биелүүлээд ирээрэй гэж дэмжсэн.  Дээрээс нь хамаатан садан, таньдаг ах дүүсийн маань тус нэмэр их байлаа. Ер нь ар гэр гэлтгүй тамирчин хүний гаргах ёстой золиос л доо. Гурав хоног явж тэмцээн болох газраа хүрсэн. Тэр хооронд их ч зүйл бодсон. Зардал мөнгө гаргаад явдаг, жиндээ орж чадах байгаа, очоод яах бол гэх зэргээр санаа зовох юм бишгүй.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр.

Хэрэгсэлтэй, хэрэгсэлгүй...

   Зарим хүн пауэрлифтингийн спортын төрлүүдийг ялгахгүй байж магадгүй. Бага ч болов ойлголт өгье. Хүч чадлын спорт учраас тамирчин штангтай суулт, цээжнээс шахалт, үндсэн таталт гэсэн гурван төрлийн өргөлтөөр тус бүр гурван удаагийн оролдлогоор хамгийн хүнд жинг өргөх юм. Мөн тамирчид хэрэгсэлтэй, хэрэгсэлгүй өргөлтүүдийг гүйцэтгэж болно. Энэ нь тухайн тэмцээний журмаас ихэвчлэн хамаардаг. Хэрэгсэл гэдэгт шахалтын цамц, суулт таталтын өмсгөлийг ойлгож болно. Зарим тэмцээнд өвдөгний хамгаалалтыг нэмэлт хэрэгсэлд зөвшөөрдөг байхад зарим тэмцээнд хамаагүй байдаг. Нурууны бүс, өвдөгний боолт, шууны боолт, тусгай зориулалтын гутал мөн хэрэглэдэг. Гэхдээ нэмэлт өмсгөлд тооцдоггүй. Нөгөөтэйгүүр хэрэгсэлгүй төрлийн тамирчид өөрийн биеийн жингээс нэг дахин илүү хүнд жин өргөдөг бол хэрэгсэлтэй төрлийнх нь өөрийн жингээс 3-4 дахин хүнд жин өргөдгөөрөө ялгаатай.  

   Барилдааны спортынхон хүчний бэлтгэл хийх үедээ хөнгөн жингээр төмөр өргөх ёстой байдаг. Харин бид илүү богино хугацаанд хүнд жин өргөж байж жинхэнэ бэлтгэл болно. Өөрөөр хэлбэл, бөхчүүд 100 кг өргөж 10-20 удаа суулт хийж байхад бид  200 кг-аар 6-8 удаа суулт хийнэ.  Жүдочид дэвжээн дээр гараад таван минутад ялалт ялагдлаа шийдэх ёстой байдаг. Тэгэхээр булчингаа илүү их ачаалах хэрэгтэй гэсэн үг. Харин бид гурван удаа тайзан дээр гарч хүнд жинг алдаа мадаггүй сайн өргөхийн төлөө л явдаг. Үүн дээр хүчний бэлтгэлийн ялгаа гарч ирнэ.  Пауэрлифтингийн тамирчид тэмцээнгүй үед дунджаар долоо хоногт гурван өдөр бэлтгэл хийдэг. Хэрэв том тэмцээний ард сэргэлт авах хэрэгтэй болвол дор хаяж гурван долоо хоног зарцуулна гэх мэт олон зүйл бий. Хүчний спорт хэдий ч, сэтгэл зүйгээ удирдах маш чухал. Өргөнө, чадна, дийлнэ гэсэн сэтгэл зүйтэй байж тэр жингээ амжилттай давж тооцуулдаг спорт. Энэ спортын нэг давуу тал нь ахмадын ангилал буюу 50-55, 55-60 насныханд нээлттэй байдаг. Энэ ангиллаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ч хүртэл болдог. Алсдаа намайг ахмадын ангилалд оролцдог болоход энэ спорт илүү хөгжсөн байна байх аа.

Амралт чухал

   Анх УАШТ-д оролцдог байхад миний жинд 13-14 хүн өрсөлддөг байлаа. Сүүлд 7-8 болсон байна лээ. Тэмцээний үед бусад өрсөлдөгчийн өргөсөн жинг харах бололцоо тийм ч их биш. Халаалт дуусаад тайз руу гарахын өмнө сэтгэл зүйгээ бэлдэх, амрах, бие халаалтаа тохируулж хийх, анхаарлаа төвлөрүүлэх гээд бусдын оноог харахтай манатай байдаг учраас аль болох хүнтэй ярихгүй байхыг боддог. Гэхдээ миний захиалсан жингээс илүү юм уу, ойролцоо өргөсөн ганц хоёр тамирчнаа ямархуу явж байгааг захиалгын дэлгэцээс харж өргөлтөө тооцоолох хэрэгтэй. Пауэрлифтингийн тамирчинд нойр их  чухал. Булчингаа амраахгүй бол хүнд жин өргөх хэцүү. Амраагүй булчинг хэт ачаалахаар булчин шөрмөс татах магадлал өндөр. Миний хувьд өглөө найман цагт босож ажилдаа яваад 12-13 цагийн үед гэртээ ирж хоолоо идчихээд бэлтгэлийн цүнхээ үүрээд гарна. Оройн 17 цаг гэхэд бэлтгэлийн зааландаа очсон байдаг. Багшийн ажил ч энэ цагт тардаг учраас 22 цаг хүртэл хүнд ачаалалтай бэлтгэлээ хийнэ. Бэлтгэлээ дуусаж багахан шөл устай хоол идээд л амардаг даа. Миний ойр тойрныхноос би л ганцаараа хүчний спортоор явдаг нь. Жүдогоор барилддаг байхад манай гэрийнхэн ямар спорт болохыг нь сайн мэддэг учраас нэг их зүйл асууж шалгаадаггүй байсан. Харин пауэрлифтингийн спортыг би тайлбарлаж өгч байж л мэддэг болсон. Өмнө нь энэ спортын талаар ямар ч ойлголтгүй байсан гэсэн үг. Одоо манай эхнэр ч гэсэн сайн ойлгож дэмжиж байгаа. Унтаад босоод ирэхэд хоол бэлдээд тавьчихсан, сэтгэл санааг үргэлж өргөнө. Ээж маань Өвөрхангай аймгийн Бүрд сумын хүн. Би өөрөө хотод төрж өссөн ч  гэлээ энэ сумын харьяаллаар явдаг учраас нутгийнхан маань тэмцээнд явахаас өмнө их дэмжиж байсан. Яваад ирсэн хойно ч гэсэн нутгийн зөвлөл хүлээж авч баяр хүргэнэ гэж дуулгана лээ.

Багшийн амжилтыг давтана

   Миний дараагийн зорилго бол ДАШТ-д дахин оролцож багшийнхаа адил амжилт үзүүлэхийг хүсэж байна. Т.Сайфолла багш маань 2024 оны 11 дүгээр сард Исландад болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс насанд хүрэгчдийн ангиллын анхны медалийг авчирсан. Дээрээс нь Монголын хамгийн анхны 1082.5 кг буюу өргөлтийн нийлбэр дүнгээрээ тонн гаргаж өргөсөн тамирчин. Миний таньдаг нэг ах уулзья гэж дуудаж багштайгаа анх танилцаж байлаа. Тухайн үед багш намайг танихгүй ч, би мэддэг. Тэмцээн болгон дээр хараад л “Энэ хүнтэй хамт бэлтгэл хийх юмсан гэж боддог байсан. Тэгээд “Тантай хамт бэлтгэл хийж болох уу? гэж асууж байлаа. УАШТ ихэнхдээ л хоёр өдөр болно. Эхний өдөр нь өсвөр үе, залуучууд, эмэгтэйчүүд, дараа өдөр нь насанд хүрэгчид цугларч, дандаа л хүнд жин өргөдөг ах нар ирдэг байв. Би ч эхний өдөр тэмцээндээ оролцоод дуусчихсан ч гэлээ маргааш нь заавал насанд хүрэгчдийн тэмцээн үзнэ. Тэр дундаа Т.Сайфолла багшийг харахаар ирдэг байв. Тэр уулзалтаас хойш хамт бэлтгэл хийсээр жил болсон байна. Би уг нь өөрийгөө бяртай гэж боддог байсан ч багшийн хажууд юу ч биш байсан. Багш өдөр болгон 300 кг хүнд жин өргөж суудаг хүн. Би болохоор 200 кг-ийг өргөдөг болохоор яаж зэрэгцэхэв. Олон жилийн туршлага, мэдлэгтэй хүний хажууд байгаад ирэхээр миний бэлтгэлийн систем ч өөрчлөгдөж, дасгалаа хийх хүсэл зорилго, чармайлт ондоо болж ирсэн. Баргийн хүн 280 кг жин өргөөд таван удаа сууж чадахгүй. Тэгтэл багш бэлтгэл дээрээ хийчихдэг. Та яаж ингэж чадав аа? гэж багшаас асуухад “Хүн дарагдана гэж хэзээ ч хойшоо сууж болохгүй. Тэр бодлоо толгойноосоо авч хая” гэсэн нь надад хүчтэй туссан. Тэрнээс хойш чичирсээр байгаад хүнд жингээ давж гарахыг боддог болсон. Миний ойрын зорилго гэвэл, дараа жил манай улсад болох насанд хүрэгчид болон мастерын Азийн аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорино гэж бодож байна.

Т.Сайфолла багшийгаа Хятадын Чэндүд болох тэмцээнд гаргаж өгсөн нь.

Нуруугаа хайрла

    Тамирчдын нуруун дээр хамгийн их ачаалал ирдэг учраас түгжээтэй өргөн бүс хэрэглэдэг юм. Ингэж байж нуруугаа гэмтлээс хамгаална. Бүснээс өөр зүйл төдийлөн хэрэглэхгүй. Энгийн хүмүүс нурууны суулттай болоод байгаагийн шалтгаан нь нурууны булчин сул, бөгтийж суудагтай холбоотой. Ажил мэргэжлийн онцлог ч байдаг байх. Би 2019 онд Өсвөрийн УАШТ-д оролцож байхдаа 170 кг жинд бодибилдингийн нарийн бүс зүүж ороод хэт бөгтийж, нуруугаа эвгүй болгосон. Тэгээд долоо хоног эмнэлэгт хэвтэж байсан юм. Тухайн үед юм ч мэдэхгүй байж. Эмч “Нурууны гэмтэл чинь мэдрэл рүү орсон байна” гэж хэлсэн. Хар яриагаар бол диск нь бүлтрээд гарах гэж байсан юм билээ. Тэгээд нурууны үе болгон ямар бүтэц, зориулалттай байдаг, юун дээр анхаарах зэргийг интернэтээс хайж бүтэн долоо хоног судалсан юм. Эцэст нь, нурууныхаа үе болгоныг сайн сунгах ёстой байж гэдгээ ойлгосон. Тэгээд хүчний бэлтгэл хийснийхээ араас байнга сунгалт хийсээр байгаад гэмтлээ эдгээж  байв. Сунгалт хийхийн өмнө ч бие халаалтаа тогтмол хийнэ.  Хүний нуруу тэртэй тэргүй маш их ачаа үүрч явдаг байхад бид тэр ачааг нь хэд давхарлаад өгчихдөг юм байна. Ер нь загасан булчин л сайн хөгжсөн бол нуруу бат бөх байх юм билээ. Дасгал хийж нуруугаа чангалснаас хойш одоо өвдөхөө больсон. Сая онгоцонд нисэхэд жаахан чилсэн санагдаж байлаа. Дасгал хийхдээ хүмүүс хамаг байдгаараа нуруугаа бөгтийлгөчихсөн харагддаг. Тэр бол буруу. Эсрэгээрээ харин ч хотойж, сайн нумарч дасгалаа хийж байж зөв техниктэй болно гэдгийг зөвлөе.

 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.