Дасгалжуулагч Б.Баттулга: Олон хүний амьдралаар нэг дор амьдарч болох бололцоог ном бидэнд өгдөг
Монгол улсын чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч асан, Гавьяат дасгалжуулагч Б.Баттулга манай “Миний дуртай ном” буланд уригдаж, дуртай номынхоо талаар яриа өрнүүллээ. Тэрбээр ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Б.Наранбаатар, М.Лхагвагэрэл, Т.Тулга нарын дэлхийн хошой медальт, ДАШТ-ий хүрэл медальт Э.Ням-Очир, З.Занабазар нарын гарамгай бөхчүүдийг төрүүлсэн багш билээ.
Би Улаанбаатар хотод төрж өссөн, Зурагтын хүүхэд. Бидний үед олон ном уншсан хүүхдэд “Номын сайн нөхөр” гэж тэмдэг өгдөг байлаа. 100-гаас дээш ном уншихаар ч билүү өгдөг. “Улаанбаатар” зочид буудлын замын урд, одоо “Худалдаа хөгжлийн банк” байгаагийн тэнд Хүүхдийн номын сан гэж сайхан номын сан байсан. Дөрөвдүгээр ангид байхдаа тэнд очиж бүртгүүлээд ном авч уншдаг болов оо. Сууж номоо уншаад, дуусахаар нь буцааж өгч, дахиж аваад л. Заримыг нь бүтэн уншина, заримыг нь дундаас нь буцаагаад өгдөг. Тэгээд сургууль дээрээ тэмдэглүүлээд байдаг. Өдөр болгон ч арай очихгүй, долоо хоногт нэг, хоёр удаа л очно. Зурагт тэр хоёрын хооронд нэлээн зайтай. Хичээл өдөр ордог учраас өглөө есөн цагт босч номын сандаа очоод, хичээл эхлэхээс өмнө гардаг. Хараад байхад, танхимд суусан хүүхдүүд тав, зургаагаар нь дэлгээд тавьчихсан сууж байна. Тэрийг дуурайгаад олноор нь авна аа, бас. Гэхдээ бүгдийг амжихгүй, нэг, хоёрын ард арай гэж гартал цаг болчихно. Харин сургууль дээрээ очоод тэмдэглүүлэх болохоороо бүгдийг нь уншсан л гэж хэлнэ, хүүхэд л юм хойно. Өнөө 100 ном нь болж байгаа юу, үгүй юу, мэдэхгүй. Тэгтэл нэг өдөр тэр тэмдэглэж авдаг хүн маань “За чи уншсан юм бол энэ номд юу гардгийг хэлээтэх” гээд нэг ном гаргаж ирээд асуутал мэддэггүй ээ, баригдлаа. Тэрэндээ жигтэйхэн ичээд, өнөө “Номын сайн нөхөр” тэмдэг авах ч өнгөрлөө. Гэхдээ үр дүн нь, номыг уншсан гэж нүүр бардам хэлэхийн тулд заавал уншсан байх ёстой гэдэг сургамж авсан. Номтой ингэж л анх учирсан, дуртай болсон юм. Тэмдэг авах гэж, тэрний шалгуурыг хангах гэж, тооны араас явж байж дурласан хэрэг.
Номд хорхойсов
Тэр жилээ буюу дөрөвдүгээр анги төгссөнийхөө зун хүүхдүүдтэй тоглож байгаад хөлөө нэг төмөрт сүрхий цохиж, тэр маань идээлээд сүйд болов. Нууж явсаар байгаад тийм болгоод хаяхгүй юу. Тэгээд одоогийн энэ 11 дүгээр хороололд байсан Гэмтлийн эмнэлэгт хэвтэх боллоо. Хоёр долоо хоногийн хугацаатай ч билүү, нэлээн удаан хэвтэх болдог юм. Эмнэлэгт удах юм чинь нэг ном барьчихъя гэж бодоод, гэрт байсан Ж.Пүрэв гуайн “Манан будан” романыг аваад очлоо. Анхны уншсан зузаан ном маань тэр болж байгаа юм. Хүүхдэд бол аймаар том ном шүү дээ. За тэгээд Галдан бошготын тухай, Төвөдөд сургуульд явсан, буцаж ирсэн, Ану хатантай учирсан гээд л уншаад байлаа. Бүр автлаа. Эмнэлэгт дууссангүй, гараад уншлаа, дуусдаггүй ээ. Явсаар бүр бүтэн зуны гурван сарын турш уншиж байж нэг юм ард нь гарав. Тэрнээс хойш бодит хүний бодит амьдрал өгүүлсэн, түүхэн, эсвэл хүний яг өнөөгийн амьдралын тухай ном унших их дуртай болсон юм. “Манан будан”-г уншаад номд дуртай ч биш, бүр хорхойтой боллоо.
Насны номоо олсон нь
Ингээд номд орчихсон хүн чинь түүнээс хойш олон л юм уншсан байж таарна. Есдүгээр ангид байхдаа нэг ахындаа хүүхдүүдийг нь хардаг байгаад очсон чинь “Өөртөө итгэлтэй бай” гээд нэг ном байх юм. Жараад оны Зөвлөлтийн өндрийн харайлтын алдартай тамирчин, Олимпын аварга Валерий Брумель, хүний төрөлхийн болон олдмол гэмтлээс үүдэж тахийсан ясыг шахаж тэгшилдэг аппарат зохион бүтээсэн мэс заслын эмч Гавриил Илизаров гэж хоёр хүний бодит амьдралаар А.Лапшин гэж орос сэтгүүлчийн бичсэн ном. Нэг уншаад жигтэйхэн шимтээд, ар араас нь бүр хоёр, гурван удаа уншив. Энэ бол намайг спортод дурлуулсан, миний амьдралд гарцаагүй өөрчлөлт оруулсан ном юм. Юуны тухай ном бэ гэхээр, тэр Г.Илизаров гэдэг хүн хөдөө тосгонд эмчээр очоод хүн эмчлэхийнхээ хажуугаар нөгөө аппаратаа зохиох гэж яаж махарч байгаа тухай нь эхлээд гарч байгаа юм. Нөгөө талд нь өнөө В.Брумель гэж мөн л нэг тосгоны хүү тамирчин болох гэж яваа тухай. Явсаар байгаад улсынхаа аварга, дэлхийн рекордын эзэн, Олимпын аварга болно. Эмч ч мөн тосгондоо ажилласаар байгаад өнөө мундаг аппаратаа зохиогоод, улс даяар алдаршаад, төв газрын том эмнэлгийн эрхлэгч, эрдэмтэн болж байгаа юм.

“Өөртөө итгэлтэй бай” номын монгол хэвлэл. Орчуулсан Д.Бадарч. 1987 он.
Энэ хоёр хүний ингэж хөдөлмөрлөсөн, алдаршсан цаг хугацаа нь ч ойролцоо. Хоёулангийнх нь алдарт хүрсэн энэ замналд хүний амьдралын эрээн бараан, дэгэн догон тохиолдоно. Эмч өчнөөн олон жил тууштай явж аппаратаа зохиосон чинь ижил мэргэжилтэй дотнын найз нь тэрийг өөрөө хийсэн болгох гэж далдуур янз янзын юм зохиогоод тэрнээс болж мань хүн их юм үзнэ. Гэвч энэ бүхнийг туулж ард нь гараад, алдар нэрээ жинхэнэ ёсоор олж байгаа юм. Тэгвэл тамирчин нь Зөвлөлтдөө төдийгүй олон улсад од болоод, Орос-Америкийн халз тэмцээнд хүртэл түрүүлээд, дэлхийн рекордыг ар араас нь эвдээд, алдрын оргилд гарчихсан байхдаа мотоциклтой явж байгаад аваарт орчихно. Өрөөсөн хөл нь юу ч үгүй бяцраад, яс нь үйрээд, тайрах уу, үгүй юу гэдэг дээрээ тулчихсан. Аль л сайн гэсэн эмнэлгээр явж 30-аад удаа мэс засал хийлгэж байж нэг юм суга таягтай тахир татуу хүн үлдэж байгаа юм. Эхнэр нь нэг ойтой хүүхэдтэй нь хаяад явчихсан. Тэгээд гэртээ хэвтэж байгаад сонины буланд нэг юм гарсан байхаар нь үзсэн чинь хөдөө нэг ийм эмч байна гэдэг. Тэр нь Оросын Курган хот, Москвагаас зүүн урагшаа 2000 км газар, Казахстантай хиллэдэг, хөдөө л юм даа. Тэгээд тамирчин эмч дээр явж очоод энэ номын хоёр баатар анх удаа уулзаж байгаа юм. Ингээд нэг нь нөгөөгөө эмчлэн хөл дээр нь босгож спортод нь, хэвийн амьдралд нь эргүүлэн авчирна. Ийм түүх, ийм ном. Үнэхээрийн гоё ном доо.
Насан туршийн олз
Энэ номоос авсан хамгийн үнэ цэнтэй зүйл маань гэвэл “тууштай байх” зарчим юм. Номыг уншиж байх үеийн бидний амьдрал, Оросын амьдрал яг адилхан. Яг л нөгөө хоол унд, юм юм дутуу гуцуу, ийм байхад спортоор яаж амжилт гаргана аа гэсэн зовнилтой үе. Ийм итгэлгүй байсан үед тэр номыг уншсаны дараа “Үгүй ээ, ерөөсөө хоол унд чухал биш юм байна. Аливаа ажилд тууштай л байх ёстой юм байна. Тэгээд бас хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ дурлах ёстой юм байна, тэгвэл амжилт гарцаагүй ирдэг” гэсэн тийм бодол төрсөн. Тэр эмч гэхэд л хөдөө хөхөрч гадаа гандаж яваа хүн, гэхдээ тийм гэж шантарсангүй, олон хүн эмчилнэ гэсэн хүсэл эрмэлзэлтэй явсаар байгаад л ялсан. Хүний ийм гайхамшигтай бөгөөд үнэн бодит түүхийг үзүүлсэн болоод ч тэр үү, би энэ номыг үнэхээрийн сайн ном гэж боддог юм.
Ер нь бол би энд спорттой холбоотой ном ярьж байгаа боловч спортын ном л сайхан гэж байгаа юм биш. Хүний амьдралын хар, цагаан, бэрхшээл, сорилтуудыг даван туулж байгааг өгүүлж, уншсан хүнд сургамж, хүч чадал, итгэл, урам зориг өгч буйгаараа бол ямар ч ном сайхан. Хүүхэд байхдаа тэр номыг уншсанаар би магадгүй өнөөдөр ингээд тасралтгүй гучин хэдэн жил дасгалжуулагч хийгээд явж байна шүү дээ. Яг нэг мэргэжлээрээ. Тэгэхээр ном гэдэг чинь ерөөсөө гайхамшиг нь чухам энэндээ байна. Амьдралд боломжгүй зүйл байхгүй, үнэхээр тууштай байж чадвал хүн хэзээ нэгэн цагт зорьсондоо хүрч чадна гэдгийг харуулснаараа тэр ном надад юугаар ч зүйрлэшгүй үнэ цэнтэй төдийгүй яг тамирчдын хувьд бол спортын ертөнцөд амьдрах цагаан толгой шиг л санагддаг.
Тамирчин хүн бүр №1 байхыг хүсдэг. Тэгэхээр яаж тийм болох вэ? Спортын аль ч төрөлд №1 болно гэдэг туйлын бэрх шүү дээ. Дундаас нь маш олон хүн шантарч больдог. Тэгвэл №1 болохын тулд юу хамгийн чухал вэ? Бага зэргийн авьяас байж болно, гэхдээ тууштай байдал гэдэг бол ерөөсөө ямар ч авьяас чадварыг нухчин дардаг юм аа гэдэг ийм философи тэр номд байгаа юм. За тэгээд л нэгнийгээ хорлох, наана цаана юмнуудаас өгсүүлээд амьдралд тохиолддог маш олон нарийн зүйлийн талаар бичсэн байдаг. Хайр дурлал хүртэл бий, хайр дурлалгүй амьдрал гэж угаасаа байхгүй. Хүн сайн явж байхад найз нөхөд ямар олон байдаг билээ? Гэтэл гэмтэл бэртэл аваад ч юм уу, дор ороход хүмүүс ус тосоороо ялгарна гэдэг шиг, хүрээлж байсан улсууд сураггүй болоод, хэн үлддэг вэ гэхээр яг үнэхээр чин сэтгэлийн цөөн анд найз юм уу, аав ээж юм уу, магадгүй ганц нэг дасгалжуулагч үлддэг, бусад нь алга болдог амьдралын гашуун үнэн энэ номд бий. Бүр маш тод томруунаар харуулсан. Эмчийн тухайд гэхэд л, нэг нь амжилт бүтээл хийхэд нөгөө талд нь залхуу, бусдыг шимэгчилж амьдардаг хүмүүс хөдөлмөрийг нь шулж мөлжих гэдэг тухай гарах жишээтэй. Хийж бүтээснийг нь ашиглаж өөрийнхөө нэр дээр болгох гэсэн тэр бодит түүхийг уншихаар яг манай энэ Монголын нийгэмтэй аягүй адилхан. Бидний амьдралд ийм юм яалт ч үгүй байдаг биз? Зарим нэг нь яг ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдардаг. Гэтэл тэр хүний хөдөлмөрийг өөр дээрээ авах гэсэн, хонжих гэсэн улсууд маш олон. 50 жилийн өмнө бичигдсэн ном боловч өнөөдөр ч бодитой, хүчинтэй ийм ийм байдлуудын талаар өгүүлсэн ном юм. “Өөртөө итгэлтэй бай” гэхээр нэг тийм сэтгэл зүйн ном шиг боловч цэвэр амьдралын тухай ийм л гоё ном доо. Сэтгэлээс хэзээ ч гардаггүй, мартагддаггүй.

Олимпын аварга Валерий Брумель өөрийг нь хөл дээр нь босгосон Г.Илизаровын аппараттай. 1968 он.
Миний жанжин шугам
Энэ номын “тууштай бай” гэдэг тэр философийг чи өөртөө тэгвэл яаж хэрэгжүүлсэн юм бэ гэдэг асуулт гарч магадгүй юм. Тэгвэл би ингэж хариулна. Би тасралтгүй 31 жил чөлөөт бөхийн багш, дасгалжуулагч хийж байна. Анх чөлөөт бөхийн төрөлжсөн сургалттай 73 дугаар сургуульд багшилсан. Дараа нь чөлөөт бөхийн “Арслан” клуб гэж байгуулсан. Залгуулаад Биеийн тамирын дээд сургуульд багшилсан. Америкт нэг жил суралцаад буцаж ирж бас л багшаа хийсэн. Дунд нь Тайваньд хоёр жил ажиллаж ирээд дахиад клубээ үргэлжлүүлэн авч явж байгаад Монголын чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар таван жил ажилласан. Одоо дахиад л тамирчидтайгаа ажиллаж байна. Тэгэхээр би бол яг нэг жанжин шугамаасаа ерөөсөө салаагүй байхгүй юу. Нэг талаар би их азтай хүн. Олон сайн хамтрагчтай учирсан, ганзага нийлсэн. Монголын чөлөөт бөхийн эрэгтэй төрөл дээр тууштай ажилласны маань үр дүн гэвэл сүүлийн 30 жилд манай чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид ДАШТ-ээс 16 медаль авсны 8 нь миний болон манай багийн хөдөлмөрийн үр дүн байдаг. Шигшээ багийг миний удирдсан 5 жилд дэлхийн болон Олимпын медальтан 10 гаруй төрсөн. Тэгэхээр миний хувьд яг энэ номоос олж авсан тэр жанжин шугам, тууштай байх зарчмаараа одоо хүртэл амьдарч байгаа л гэж өөрийгөө санадаг.
Шавь нартаа энэ номыг уншуулахыг их боддог юм. Миний хүүхдүүдээс дэлхийн аваргын медалийг хамгийн анх авсан шавийн маань нэг ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Наранбаатар гэж байгаа. Олон жилийн өмнө би түүнд энэ номыг өгсөн. Зүгээр ч өгөөгүй, канондож өгөөд, мань хашир уншсан байхгүй юу. Нэг ч биш, бүр хэд хэд уншсан, уншсаныхаа дараа дэлхийн аваргаас хоёр медаль авсан. Тэгээд би дараа дараагийнх нь тамирчдад өгнө гээд хадгалж байгаад, 2006 оны үед манай гэр хэд нүүдэг юм. Нүүж явахдаа нэгэнд нь өгсөн, одоо тэр хүнээ санадаггүй ээ. Ингээд одоо тэр ном надад байхгүй. Сүүлийн 20-иод жил тэр номыг хайж байгаа юм. Хуучин номын дэлгүүрээр яваад ч олдохгүй байна. Хэрвээ олох юм бол хүнд өгөхөөсөө гадна өөрөө дахиад уншмаар байгаа юм. Д.Бадарч гэдэг хүн орчуулсан, маш гоё орчуулга. Хатуу саарал хавтастай ном байдаг. Нэг олж аваад, дахин хэвлээд гаргавал одоогийн хүмүүст маш их хэрэгтэй байх болов уу гэж боддог юм.

Медалийн дэвжээ рүү. Дэлхийн аваргын хошой медальт, шавь Т.Тулгын хамт. Хорватын нийслэл Загреб хотод болсон "ДАШТ-2025". 2025.09.15
Зорилгоо хол тавь
Энэ номоос олж авсан бас нэг философи надад байдаг. Энэ бол “Хүн зорилгоо хол тавих ёстой” гэдэг зарчим. Спортын хүн болохоор спортоороо ярья л даа. Өнөөдөр би 16 настай тамирчин байлаа гэж бодъё. Өсвөр үеийн улсын аварга болъё гэдэг нэг зорилго тавьчихлаа гэж төсөөлье. Тэгээд хүн шаргуу хөдөлмөрлөж байгаад тэр зорилгодоо хүрчихлээ. Өсвөрийн улсын аварга Монгол улсаа төлөөлөөд тивийн аваргад оролцдог. За тивийн аваргад оролцлоо, амжилт гаргалаа. Өсвөр гэдэг чинь 17-гоос доош нас. Тэгэнгүүт дараа нь залуучуудын нас гэж байна. Залуучуудын улсын аварга болъё гээд дахиад хөдөлмөрлөнө биз? За тэрэндээ бас хүрчихлээ. Тэрний дараа залуучуудын тивийн аварга юм уу, дэлхийн аваргад орлоо. За тэгээд ар дээр нь насанд хүрэгчдийн дэлхийн аварга гэж байна, Олимп байна. Бид нарын хамгийн том зорилго. Ийм ийм байхад хүн зорилгоо ойрхон тавьчихангуут хүний сэтгэлийн хат ялагддаг байхгүй юу. Яагаад гэхээр, би ингээд өсвөр, залуучуудын улсын аварга болох гэж ингэж ядарсан юм чинь насанд хүрэгчдийн улсын аварга болоход хүрэхгүй байх аа гээд хүний өнөө шантардаг юм нь эхэлдэг. Тэгвэл энэ номын бас нэг гол философи нь “зорилгоо эхлээд хол тавих” явдал юм. Энэ бол маш том философи. Тамирчин хүн анхнаасаа Олимпын аварга, дэлхийн аварга болно гээд зорьчихвол одоогийн хийж байгаа бэлтгэл нь аягүй амархан санагддаг. Ийм болдог юм. Хүн зорилгоо хол тавих хэрэгтэй. Тэгэхгүй, жижиг жижиг зорилго тавиад байхаар олон зорилгод хүрсний дараа ядардаг, бас шантардаг юм шиг. Заавал спортод ч биш, угаасаа хүний амьдралд ч гэсэн тийм. Хүн яагаад маш гоё байртай, машинтай болъё гээд том зорилго тавьж болохгүй байгаа юм? Нэг тийм жижигхэн зорилго, тухайлбал, за нэг өрнөөсөө гарчихъя гэх юм бол арай чүү гэж гарангуут дахиад л дараагийн асуудал тулгардаг. Тэгээд тэрнээс болоод шантрах юм гарна. Тэгвэл хүн зорилгоо хол тавибал ийм бэрхшээлтэй учрахгүй. Энэ номоос олж аваад амьдралдаа мөрдлөг болгож явдаг нэг зүйл маань энэ.
Тайвань руу тавиад номтой...
Энэ хооронд зөндөө л ном уншлаа. Хамгийн их ном уншсан цаг хугацаа гэвэл 2009-2011 онд Тайваньд шигшээ багийн дасгалжуулагчаар явахдаа эндээс Монголоос бараг 50-иад ном авч явсан юм. Хоёр жилийн дотор бүгдийг нь уншаад дуусгасан байх. Монголоос хүн ирэхэд ном л захидаг байв. Ирсэн хүн бүр л дөрөв, таван ном аваад ирнэ. Тэр бүгдийг ер нь л уншсан болов уу. Америкт байхдаа ч сайн уншсан. Ямар сайндаа, сая өнгөрсөн долоодугаар сард Тайваньд нэг тамирчнаа авч явж эмчлүүлээд, тэр тухайгаа “Фэйсбүүк”-т пост оруулсан чинь манай Дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр миний постны доор “Тулгаа багш үгүй мөн их ном уншдаг шүү” гээд бичингүүт “Нээрээ яасан их ном уншдаг байгаа вэ” гэж бодож байх вэ дээ.
Номыг хүн өөр өөрөөр уншдаг байж таарна. Миний хувьд бол уншдаг арга барил маань өнөө л тууштай байдалтай шууд холбоотой. Унших дур муутайхан улсууд болохоор номынхоо хуудсыг хараад, олон бол “За ёстой энийг хэзээ уншиж дуусна даа” гэж юуны түрүүнд боддог. Тэгвэл хүн ерөөсөө өдөрт нэг мөр байж болно, нэг өгүүлбэр байж болно, унших л хэрэгтэй. Номоо эхэлж барьж аваад ерөөсөө энийг л хийчихэд орой нь өөрийгөө ном уншсанд тооцож болно. Маргааш нь мөн адил. Ном уншина гэхээр заавал тусгай цаг зарцуулах хэрэггүй. Тавхан минут, эсвэл нэг өгүүлбэр уншлаа, за гоё байвал нэмлээ, магадгүй залхлаа, хаалаа, хамаагүй. Хамгийн гол нь тогтмол байх ёстой. Их бага нь хамаагүй, тогтмол ингээд сурчих юм бол унших хэмжээ нь нэмэгдээд л байна. Нэг мэдэхэд л нэг номыг дуусгачихсан байна. Хүн нэг юмыг хийгээд дуусгачихаараа сэтгэл амраад, жаргалтай болдог биз дээ? Тэр хэрээрээ номд дурладаг байх гэж би боддог. Миний ном уншдаг арга тактик гэх юм уу даа. Нэг ном барьж авбал өдөр болгон уншдаг, тэр нь нэг хуудас ч байж болно, нэг мөр ч байж болно, тэгж явсаар байгаад л дуусгачихдаг юм.
Яг үүн шиг өнөө тууштай байна гэдэг маань явж явж аливаа зүйлээс таашаал олж авахын үндэс болж байгаа юм. Маш түгээмэл нэг жишээ хэлэхэд, манай зарим улс “За нэг сайхан турна аа” гээд л өдөр болгон сүрхий бэлтгэл хийгээд явж байснаа нэг, хоёр сарын дараа больчихдог оо доо? Энэ чинь нөгөө тууштай байдал биш байгаа биз? Тэрний оронд өдөрт тав, аравхан минут ч хамаагүй, нэг жаахан хөнгөхөн алхангуутаа “За би болчихлоо, бэлтгэл хийчихсэн” гээд, хамгийн гол нь ингээд тогтмол явахад дээрхээс шал өөр болоод ирнэ. Би бол хүмүүст зөвлөдөг юм: “Долоо хоногт гурван удаа ч юм уу, үгүй бол хоёр удаа, бүр байг гэхэд нэг удаа тогтмол ингээд хийчих ээ. Тэгээд зорьсондоо хүрсэн мэдрэмж авчих. Тэгэх юм бол тэр чинь урт хугацаандаа амжилтад хүрнэ” гэж. Манайхан болохоор сэтгэл хөдлөлөөрөө машиндаад л, нэг сар явангуутаа “Өө хөөрхий, бүтэн сар яваад ганц хоёрхон кг хаслаа. За ер нь бүтэхгүй юм байна” гээд хаячихдаг. Энэ бол өнөө тууштай байдлын чинь яг эсрэг юм. Тогтмол байж чадахгүй, тийм учраас үр дүн байхгүй. Манай дээр хичээллэж байгаа хүүхдүүдэд би хэлдэг: “Амжилт бол хамаагүй ээ. Чи зүгээр тууштай л яваатах. Тэгээд тэрнийхээ дараа ямар ч байсан нэг гоё таашаал аваатах” гэж. Энэ бол яг энэ номоос л авсан юм маань шүү дээ. Ингээд амьдралд мөрдлөг болоод хэвшчихэж. Ажил, спортод төдийгүй ном уншихад хүртэл.


Алтан шавь нартайгаа Загребд.
Сүүлд юу уншив?
Хамгийн сүүлд би Леброн Жэймсийн “Леброн” гэдэг номыг уншлаа. Сэтгэл маш их хөдөлсөн. Ядуусын хороололд, ямар ч боломжгүй айлын хүүхэд, ирээдүй нь бүрхэг. Гэхдээ сагсан бөмбөгтөө туйлын дуртай. Тэгээд ээж нь тэжээж чадахаа байгаад, нэг жаахан авьяастай гэдгийг нь харчихсан айлд хүүгээ өгсөн. Хүү тэр айлд нэг, хоёр жил байгаад, удалгүй мэргэжлийн хүмүүсийн анхаарлын төвд орсноор зам нь шуударсан байдаг. Мөн л бодит хүний үнэн бодит амьдралыг бичсэн. Зузаан ч ном, бараг 600 хуудастай. Сайн ч ном. Надад үнэхээрийн гоё мэдрэмж өгсөн. Социализмын үеийн тэр тамирчин, өнөө цагийн Америкийн бас сүпер тамирчин хоёрын ялгаа өөрөө их сонин байгаа юм. Америкт хүнд боломж олгоод яаж дэлхийн од болгож байна, систем нь өөрөө хүний авьяасыг хэрхэн усалж, ямар менежмэнтээр тордож, цэцэглүүлж чадаж байна вэ гэдгийг ондоо нийгэмтэй харьцуулж харахаар их сонирхолтой. Сүүлийн үед уншсан ном гэвэл “Ад үзэгдэх зориг”, “Чонон сүлд”, “Цусаа худалдагчийн түүх” байна. Бүгд л дээрхтэй ижил эргэцүүлэл төрүүлж, амьдрал дахь ондоо ондоо зүйлийг харьцуулах бололцоо олгосон маш гоё номууд.
Номын ач өгүүлшгүй
Ном уншсаны ашиг тусыг би ингэж боддог юм. Хүн болгонтой уулзах, ярилцах, амьдралыг нь уудлах, мэдэх, суралцах боломж бидэнд байхгүй. Тэгвэл тийм боломжийг ном бидэнд олгодог юм болов уу. Тэгээд зогсохгүй олон хүний амьдралаар нэг дор амьдарч болох бололцоог өгдөг юм болов уу гэж. Улмаар бусдын амьдралаас өөрийнхөө амьдралын мөн чанарыг олж чадах боломж юм болов уу. Ном уншсаны хамгийн том ач тус энэ л байх. Аав, ээж бол мэдээж “Сайн яваарай, зөв яваарай” л гэнэ, бас тийм ч их зүйлийг зааж сургаж чадахгүй. Ах, эгч нар ч мөн адил. Гэтэл ном уншсанаар яг тэр гарч байгаа цаг үе, орчин нөхцөлд орно, тэр цагийн хүний санаа бодол, сэтгэл зүй ямар байсныг ойлгоно. Тэрийгээ одоо энэ амьдарч буй цаг хугацаатайгаа харьцуулна. Бусдыг өөртэйгээ жишиж үзнэ. Би бол тэгж жиших дуртай. Ингээд үзэхээр бусдаас суралцах, өөрөө хүн болоход номын ач тус өгүүлшгүй их юм даа.
Хүн бол ерөнхийдөө нэг жарны л настай амьтан. Идэвхтэй амьдрах нас бол үсрээд л 20, 30 жил. Бид бол энэ дэлхий дээр түр зуур ирээд л буцаж байгаа улс. Хариугүй шүү дээ. Тэгэхээр зарим нэг юманд жаахан хүлээцтэй хандмаар. Бүх юмыг олж авах гэж дайрах огт хэрэггүй. Байгаа энэ өчүүхэн хугацаандаа бусдад, үр хүүхэд, найз нөхдөдөө сайн сайхан, гэрэл гэгээ хайрлаад буцаасай л гэж боддог юм. Ийм үзлийг би номоос л олж авсан даа.
Редакциас: Мэдлэг, оюунд чиглэсэн энэ мэт эерэг, сонирхолтой мэдээ, нийтлэлийг бид тасралтгүй түгээхийг чармайдаг. Тэр бүгдийг хоцрохгүй үзье гэвэл доор буй Follow товчийг дарж, бидэнтэй хөл нийлүүлнэ үү хэмээн уншигч таныг урья аа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (2)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Хосбаяр
Энэ нөхөр багаасаа л тэмдэг шагналд дуртай байж. асар шуналтай мөнгө гэвэл нүдээ ухаад өгнө. шигшээгийн багш байхдаа тамирчин охидуудаа оролддог бэлгийн дарамт үзүүлдэг байсан новш шдээ
2025-09-20
Хариулах (0) (0)ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-







