Говьсүмбэр аймгийнхан морьт харвааны ДАШТ-ээс таван медаль авлаа

Говьсүмбэр аймгийнхан морьт харвааны ДАШТ-ээс таван медаль авлаа


   Налайх дүүргийн Тайж хайрхны бэлд болж буй “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн үеэр морьт харвааны 17 дахь удаагийн ДАШТ-ийг зохион байгууллаа. Монгол улсад анх удаа зохион байгуулсан энэ тэмцээнд 17 орны 100 гаруй тамирчин оролцсон юм. ДАШТ цуваа харваа, цуваа гурван байр, кабак, бөмбөг намнаа, багийн гэсэн нийт таван төрлөөр болов. Монгол улс морьт харвааны ДАШТ-д энэ жил бөмбөг намнаа харвааг шинээр оруулж ирсэн билээ. Тус тэмцээнд манай улсаас шигшээ багийн 15 харваач оролцсоны гурав нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын “Зэв” морьт харвааны клубын тамирчин юм. Улмаар тус клубын хоёр тамирчин ДАШТ-ээс таван медаль хүртэв. Клубыг үүсгэн байгуулсан Б.Аягаа багийн төрөлд алт, бөмбөг намнаа төрөлд мөнгө, цуваа харвааны тэмцээнд хүрэл медаль хүртжээ. Харин Б.Тэмүүжин цуваа харвааны төрөлд мөнгө, нийлбэр дүнгээр мөнгөн медаль авсан юм. Говьсүмбэр аймаг ДАШТ-д түрүүлсэн харваачдаа хүндэтгэлийн их өргөөндөө хүлээн авч морин хуурын ая барьж, магтаал хэлэв. Энэ үеэр үүсгэн байгуулагдаад ердөө хагас жил болж буй "Зэв" клубын тамирчид ДАШТ-ээс таван медаль авч Монголын морьт харвааны түүхэнд анхдагч болсныг онцоллоо. Ийнхүү Монголын тамирчид цуваа харваа, бөмбөг намнаа төрөлд амжилттай оролцсон бол кабак болон цуваа гурван байр харвааны төрөлд Индонези, Малайз, Герман, Саудын Араб зэрэг улсын тамирчид түрүүлжээ. Кабак харваа нь араб гаралтай бол цуваа гурван байр харваа нь Өмнөд Солонгосынх ажээ.

Гэрэл зурагт: "Зэв" морьт харвааны клубын харваач, ДАШТ-ээс медаль авсан тамирчид Говьсүмбэр аймгийн хүндэтгэлийн өргөөнд.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.