Орхон: Уул уурхайн компани хоёр сургуулийн физик, химийн кабинетийг 141 сая төгрөгөөр тохижуулжээ
Орхон аймаг, "Зэс эрдэнийн хувь” компани хамтран энэ жил орон нутагтаа ерөнхий боловсролын хоёр сургуулийн физик, химийн хичээлийн кабинетийг 140 сая төгрөгөөр засварлажээ. Тухайлбал, VII сургуульд химийн хичээлийн кабинетийг орчин үеийн сургалтын стандартад нийцүүлэн 76 сая төгрөгөөр, IV сургуульд физикийн хичээлийн кабинетийг 65 сая төгрөгөөр тус тус иж бүрэн тохижуулж хүлээлгэн өгсөн байна. IY сургууль нь 2015 онд физикийн хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүнтэй болсон ч бүрэн дүүрэн ашиглах анги танхим дутагдалтай байсныг ийнхүү шийдсэн бол 1987 онд анх байгуулагдсан VII сургуулийн дунд, ахлах ангийн 300 гаруй сурагч онолын мэдлэгээ практикаар бататгаж, химийн хичээлийг гүнзгийрүүлэн судлах боломж бүрдэж байгаа ажээ. Орхон аймаг нь жил бүр уул уурхайн үйлдвэрүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарт хамтран ажилладаг бөгөөд 2024 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтран ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын үдийн хоолны зардлыг 1.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байв. Мөн “Ачит Ихт” компани ерөнхий боловсролын VI сургуульд химийн кабинет байгуулснаас гадна химийн хичээлээр анги нийтийг хамарсан олимпиадыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







