Ганга нуурын эрэг орчмыг тохижуулжээ

Ганга нуурын эрэг орчмыг тохижуулжээ


   Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Ганга нуурыг байгалийн жамаар нь сэргээх, урсцыг сайжруулах төслийн хоёрдугаар шат хэрэгжиж эхэллээ. Одоогоор тус нуурыг усаар тэжээдэг Баян булгийн эхийг хашиж хамгаалснаас гадна Ганга нуураас Оргих булаг руу 300 метр урт, 1.5 метр өргөн явган хүний зам тавьсныг Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас мэдээлжээ. Мөн тохижилтын талбайд сүүдрэвч, амрах сандал байрлуулахаас гадна ойн зурваст нөхөн сэргээлт хийжээ. Ингэхдээ нуурын хойд хэсгийн 3000 метр урт, 11 эгнээ хамгаалалтын ойн зурвасын хатаж, гандсан модыг цэвэрлэн авч, оронд нь 8993 мод нөхөж тарихаар бэлтгэсэн байна. Мөн нуурын хойд хэсгийн ойн зурваст шланк татаж, дуслын усалгааны систем холбож угсарчээ. Ойн төгөл байгуулах, мод нөхөн суулгах ажлыг “УБТ гарден” компани гүйцэтгэж байгаа бөгөөд энэ удаагийн нөхөн суулгалтыг ирэх сарын 15-наас хийх ажээ. Тус компани 2024 онд нийт 7200 хайлаас, бургас, жимсний мод тарьсан бол энэ онд нийт 12 мянган мод тарихаар төлөвлөсөн байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.