Булган: Хятан бичгийн шинэ дурсгал илрүүлжээ
Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг Найдаг ууланд өнгөрсөн сарын 31-ний өдөр Монгол, Японы хамтарсан судлаачид хятан бичгийн хадны шинэ дурсгал илрүүлснийг ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс өчигдөр мэдээллээ. Хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй "Бичээс" төслийн хүрээнд Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал Л.Эрдэнэболд, Японы "Отани" их сургуулийн профессор Мацүкава Такаши, "Рюкокү" их сургуулийн профессор Мүраока Хитоши, Осакагийн олон улсын их сургуулийн профессор Мацүда Коичи нар хээрийн судалгаа явуулжээ. Улмаар Найдаг уулын энгэр дэх агуйн дотор долоон хэсэг бичээс байгааг илрүүлсэн байна. Профессор Мацүкава Такаши эхний ээлжинд бичээсүүдийг нягталж үзээд тэдгээр нь бүгд ханзаар бус, харин хятан бичгээр бичигдсэн болохыг тогтоожээ. Улмаар Өвөр Монголын их сургуулийн Монгол судлалын хүрээлэнгийн зочин судлаач, профессор Такэүчи Ясүнорид бичээсийн гэрэл зургийг илгээсэнд “Бичээс ихэд бүдгэрсэн тул уншихад бэрх хэдий ч хятаны их бичгийн онцлог үсгүүдийг олонтаа таньж болно. Энэ нь ханз бичээс биш гэдэг нь илт. Ялангуяа дөрөвдүгээр бичээс нь хятан бага бичгээр бичигдсэн байх магадлалтай. Тэгвэл нэг газарт хятаны их бичиг болон бага бичгийг хамтад нь бичсэн тохиолдол урьд өмнө огт мэдэгдээгүй тул маш ховор нээлт болох юм" хэмээн хариу мэдэгдсэн аж. Найдаг уулын ойр орчимд Хятаны үеийн тариалангийн суурин, Хүрлийн үеийн булш оршуулгын дурсгал, руни бичгийн дурсгал, хадны зургийн дүрслэлүүд олон тоогоор тархсан байна. Үүнээс өмнө Монголын нутгаас хятан их бичгийн хэд хэдэн бичээс илэрсэн бөгөөд хамгийн сайн мэдэгдсэн нь Хэнтий аймгийн Рашаан хадны бэхэн бичээс болон Салбар уулын сийлмэл бичээс, Эрдэнэ уулын бэхэн бичээс ажээ. Харин энэ удаагийнх нэг газарт их ба бага бичиг хамт илэрсэн анхны тохиолдол болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







