Шилмэл малын үзэсгэлэнд дуудлагаар 20 бод, 14 бог мал худалдав
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас шилдэг үүлдрийн малыг сурталчлах зорилгоор зохион байгуулдаг “Шилмэл мал 2025” үзэсгэлэн, дуудлага худалдаа энэ сарын 3, 4-нд Дархан-Уул аймгийн Хонгор суманд боллоо. 1989 оноос эхэлсэн уг арга хэмжээ нь малчдын мэдлэг, туршлагыг хуваалцах, шинэлэг технологи нутагшуулах, мал аж ахуйн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх ач холбогдолтой бөгөөд энэ жил 10 аймгаас 250 гаруй малчин, мал аж ахуй эрхлэгч, ноос, ноолууран бүтээгдэхүүн, малын биобэлдмэл, тэжээл, эрдэс бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд оролцжээ. Тухайлбал, Монголд үржүүлж буй “Үзэмчин”, “Тамир-2”, “Суффолк” үүлдрийн хонь, “Эрчмийн хар ямаа”, “Герефорд”, “Халимаг”, “Сэлэнгэ” үүлдрийн ашиг шим өндөр малын дуудлага худалдаа болж, шилдгүүдийг шалгаруулсан байна. Мөн малын эм, биобэлдмэл, тэжээлийн шинэ бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн инновацийн шийдлүүд, мах, сүү, ноос, ноолуурын чанараар шалгарсан шилмэл малыг олон нийтэд танилцуулжээ. Дуудлага худалдаанд, мах, сүүний чиглэлийн "Симменталь", "Герефорд", "Халимаг", "Лимүзин", Казахын цагаан толгойт, "Сэлэнгэ" үүлдрийн үхэр, ноос, ноолуурын чиглэлийн Эрчмийн хар ямаа, Сүхбаатарын улаан хүзүүт, "Суффолк" хонь, Хэнтий аймгийн Галшарын гүү, араб, англи азарга, "Тамбовский" галуу, эдельбай, мангалица торой зэрэг нийт 20 гаруй бод, 14 бог мал худалдсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







