Ордос дахь Чингисийн онгоныг Нийслэл хүрээнд залж авчрахыг айлтгасан нь
Ордос дахь Чингисийн онгон

Ордос дахь Чингисийн онгоныг Нийслэл хүрээнд залж авчрахыг айлтгасан нь


Олноо өргөгдсөний гуравдугаар оны намар цаг Өвөр Монголын Ордосоос Нийслэл хүрээнд элч ирж Чингисийн онгоныг шилжүүлэн аваачихыг хүссэн айлтгал бичиг өргөсөн хийгээд Богд хааны хариу буулгасан зарлигийг толилуулж байна.     

Чингис хааны бие сүлд тугийг Нийслэл хүрээнээ залж ирүүлвээс болох эсэхийг айлтгасан айлтгал, хариу Зарлиг

1913.10.23

Шавь боол Пун Го сөгдөж хичээнгүйлэн айлтгах нь Чингис хааны бие сүлд тугийг Нийслэл хүрээнээ залж ирүүлвээс болох, үл болох явдлыг хичээнгүйлэн нугалбар бичиж Богд эзэн гэгээнээр толилж, заан сургахыг гуйх учир эдүгээ Ордосын засаг жүн ван Чагдарсэрэнгийн асарсан хөвгүүн Төгсжаргалангаас өргөсөн бичигт өргөв. Мэдүүлэх учир энэ жил цагаан сард Дотоод их яамнаас манай хошууг өмнө захыг сэргийлэх түшмэл цэргээс түүгээр ангилан гаргаж хамгаалуулсугай хэмээн мөнхүү цэргийг захирах сайдад тушаагаад мэдэгдэн тушаасан билээ. Гэтэл Хөх хот зүг чанадын цэрэг олон, маш түгшүүртэй түргэн түүхий цаг бөгөөд тэрхүү хамгаалах цэрэг хараахан хүрч завдаагүй байтал харьяат лам Өлзийжаргал, Сампил, гавж Лхаваанжий, бичээч Мөнх-Өлзий, хуяг Өлзий нар монгол язгуур угсаа журмыг гээгдүүлэн буруу муу санаа үүсгэж, мунхаг дүрсгүй ардуудыг нэмэн хөгжүүлэн авч олноор бүлэглэн энэ зуны тэргүүн сарын хорин хоёрны өдөр гэнэт цэргийн байдал гарган ирж, вангийн яам ба санг эвдэж данс бичиг зүйлийг нэгжин үзэж, сүйтгэн айлгаж, дарлан зовоосонд эцэг ван гэрийн хүмүүсийн хамт зугатан гараад мөн Ордосын Хужирт сүмийн газар ирж хоргодон суусан дараа бас тэдгээр бүлэглэсэн ард зэвсэгтэй ирж манай эцгийг ална хэмээн буудсан суманд гэзэг оногдсон боловч арай бие эрсдэж алагдсангүй нэгэн удаа амь мэнд гарч суун бүхийд эцэг хөвгүүн бид нар Чингисийн бие сүлд тугийг авч амар тайван газар залаад Нийслэл хүрээнээ хүрч ирж Богд хаантнаа бат соёлд хандсан чин үнэнхүү сүсгээ залбиран гаргаж мөргөхийг цөм хүссэн авч угаас манай хошуу нутгийн зах тойрон Иргэн улсын хот Шиндий нэн олон болох дээрээс гамин цэрэг сууж, хоорондоо ямагт сэлгүүцэн явж хэмээлцэхэд нэгэнт санаа урвасан муу ардууд даруй мэдэж цааш нийлэлдэх зэргээр бидний хорхой мэт амьсыг нэгэн цагаар сүйтгэхээс өөргүйд лавтайяа хүрмүй хэмээн айцгаах зүг хөвгүүн Төгсжаргалан би бие төдий сэмхэнээ гарч өмнө захыг сэргийлэх цэргийг захирах сайд Ялгуусан баатар гүн ламтнаа эл учраа мэдүүлээд Нийслэл хүрээнээ хүрч ирэв. Одоо нэгэн үзүүрт сэтгэлийг зүтгэн барьсан эцэг ван эсэргүүцлийн этгээдээс амь мэнд ангижран гарахад, чингэж маш бэрхтэй болсон туйлын үнэн зүдгүүр учраа гаргаж Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаа өргөн мэдүүлээд олдвоос толилон нигүүлсэн өршөөж, тэнгэрийн сүлдэнд баатар цэргийг ангилан гаргаж, тэдгээр санаа нийлэхгүй урваж тэрсэлсэн муу ардад амь эрсдэхэд шахамдан буй эцэг вангийн бие ба гэрийн хүмүүсийг Чингисийн бие сүлд тугийн хамт уул нутгаас хамгаалуулан авч Богд эзэн хаантнаа бат соёл авралд багтаан амьдруулж, тохинуулахыг мөргөн гуйхаас гадна анхнаас өчүүхэн Нийслэл хүрээний газраас нутагт буцаж очвоос муу ардын гарт амь бусних нь магадтай тулд Нийслэл хүрээнээ түр сууж, эцэг вангийн биеийг ирэх цагийг хүлээхээр эцэгтэй хэлэлцэж ирсэн учрыг хамтаар гаргаж мэдүүлсүгэй. Үүний тул өргөв хэмээсэн. Өргөсөн тухайд манай Дотоод яамнаас харьяат вангийн биеийг хамгаалуулан, гэрийн хүмүүсийн хамт ирүүлэхэд үл болох газар үгүй боловч гагцхүү Чингис хааны бие сүлд тугийг чингэж шилжүүлэн залж ирүүлж болох эсэхийг Бүгд ерөнхийлөн захирах, Цэргийн хоёр яамнаа зөвлөсөн. Цэргийн яамнаас ван Чагдарсэрэнг хамгаалан авч ирүүлэх ба Чингисийн бие сүлд тугийг шилжүүлэн ирүүлэх зэргийг төсөвлөн мэдэх ойр бөгөөд эрхлэн шийтгэх сайд Түшээт ванд явуулж гүйцэтгэн шийтгүүлвээс ямар хэмээжээ. Бүгд ерөнхийлөн захирах яамнаас ван Чагдарсэрэнг хамгаалж ирүүлэхэд эрхлэн шийтгэх бөгөөд ойр байдлыг төлөвлөх сайд Түшээт ванд явуулах гүйцэтгэн шийтгүүлэх нь зүйтэй. Чингисийн бие сүлд болвоос Ордосын тахиглаж он удсан Богд хувилгааны суурин болох тул шууд шилжүүлэн хөдөлгөж болох эсэхийг Зарлигийг гуйн айлтгаж тогтоолговоос зохимой хэмээн зөвлөн ирсэн. Үүнд шавь боолчууд хянан байцааваас энэхүү ван Чагдарсэрэнгийн биеийг гэрийн хүн нарын хамтаар хамгаалан ирүүлэхийг сайд Түшээт ванд явуулж гүйцэтгэн шийтгүүлвээс зохих боловч гагцхүү Чингис хааны бие сүлд туг болвоос манай Монгол улсын эрхэм шүтээн болох бөгөөд чингэж он удсан суурин газраас хөдөлгөн залж ирүүлвээс болох ба үл болохыг зүй нь Зарлиг гуйн айлтгаж дагаж явуулваас зохих тул хичээнгүйлэн нугалбар бичиж айлтгаад, Богд эзэн гэгээнээр толилж, заан сургах ажаамуу. Үүний тул хичээнгүйлэн айлтгав. Зарлигийг гуймой хэмээн айлтгасанд мөнхүү сарын хорин дөрвөнөө хүлээн авсан уг нугалбарт улаан бийрээр цохсон Зарлиг Чагдарсэрэнгийн тухай гуйсан ёсоор болгогтун, Чингис хааны бие сүлд тугийг аль сайн сайхнаар залж ирүүлэхийг Чагдаржав нарт тушаагтун хэмээв.

МУҮТА, Х-АЗ, Д-1, ХН-81, Хуу-179а-183а


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.