Илийн хязгаарын өөлдүүдээс Монгол улсад дагаар орохыг хүсч илгээсэн өргөх бичиг

Илийн хязгаарын өөлдүүдээс Монгол улсад дагаар орохыг хүсч илгээсэн өргөх бичиг


   Хятадын Шинжааны Илийн хязгаарын өөлд монголчууд энэхүү бичгийг 1922 оны наймдугаар сарын 25-нд Нийслэл хүрээнд илгээжээ. Үүний өмнөхөн мөн онд Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Жалханз хутагт С.Дамдинбазар Илийн харьяат монголчуудад хандан захидал илгээсэн бөгөөд үүний хариу болгож Өөлд аймгийн харуулын цэргийн захирагч Хэрэжавай Монгол улсын Засгийн газарт бичиг илгээсэн нь энэ юм. Бичиг явуулсны дараа Шинжааны захиргаа хасаг айлуудыг олноор Алтай руу нүүлгэж, хил орчмын торгуудуудыг Шинжааны гүн рүү татжээ. Торгуудын Сэнчин гэгээнийг хятадууд гэнэдүүлэн хороосноор Илийн өөлдүүд удирдагчгүй болж сарнисан бөгөөд газар хол, казах, киргиз, узбек, хятадуудын дунд байрлалтай тул дураараа нүүж явах арга хомс байв. Ямартай ч 1940-1945 оны баруун хилийн үймээнээр Бортал, Ховогсайрын нэлээд хэдэн өрх торгууд айл Ховд аймгийн Булган суманд дүрвэн ирж Монгол улсын иргэд болжээ.

Өргөх бичиг

Или мужийн харьяат Өөлд дээд аймгийн хойт хязгаарын сэргийлэх зургаан харуулын цэргийг захирах дэд зэрэг жинс тогосын отго түшмэл Хэрэжавайгийн бичиг.

Монгол улсын засгийн яамнаа өргөв. Өргөн мэдүүлэх учир.

Эдүгээх дээд засгийн газраас манай Илийн олон монголчуудыг энэрэн өршөөж, Хятадын эзэрхэгээс ангижруулан авахаар бичиг авахуулан илгээсэн түшмэл Дэмбэрэл нар лугаа уулзан уг зорилтыг бүрнээ сонсож үнэхээрийн харанхуйд нарны гэрэл үзэгдсэн ба хандсанд өмнөө учирсан мэт цээж дэлбэртэл баярлан, даруй дуртайгаар харъяат захирах цэргүүдийн хамт намд орж хичээн хөдлөх цагийг хүлээн бэлдэж тус аймгийн цэрэг ардыг хувьсган авч нэгэн цагийн хүчин зүтгэл өргөхийг хүсэж учрыг гаргаж Монгол улсын Засгийн яамнаа өргөн мэдүүлээд байцаан толилуулсугай.

Үүний тул өргөв.

Олноо өргөгдсөний арван хоёрдугаар он, долоон сарын шинийн гурван.

Эх бичиг, тайлбарын эх сурвалж: https://www.facebook.com/ganpurev.adilbish


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.