Ажаа гэгээн Манжийн хааны тамгыг Японоос эргүүлж авчирсан нь
Ажаа гэгээн Монголд. 2022 он. © "Зууны мэдээ" сонин

Ажаа гэгээн Манжийн хааны тамгыг Японоос эргүүлж авчирсан нь


Шарын шашныг үндэслэгч Богд Зонховын эцгийн хувилгаан дүр,  VIII Ажаа гэгээн Лувсантүвдэнжигмэджамц энэ өдрүүдэд Монголд айлчилж буйг тохиолдуулан түүний тухай нэгэн хууч яриаг толилуулж байна. Энэ хуучийг Хөхнуурын хошууд монгол, Хятадын Ганьсу мужийн Ланжуу хотын Баруун Хойтын Үндэстний их сургуулийн профессор, төвдөч Агваанчойдор гуай өгүүлжээ. Эдүгээ 76 нас сүүдрийг зооглож буй Ажаа гэгээн нь Хөхнуурт төрсөн монгол хүн юм.

Гүмбүмийн Ажаа гэгээн бол Богд лам Зонхава гэгээний эцэг болох Лүнбүмгэгийн хувилгаан дүр юм. Харин Гүмбүмийн Шинсаа гэгээн бол богд лам Зонхава гэгээний эх болох Шинсаа Ачойн хувилгаан дүр юм. Манж Чин улсын үед Ажаа гэгээн нь Манжийн Ци Ши Тайхугийн гэгээн лам байснаар барахгүй, Бээжингийн Юн Хэ Гүнгийн эзэн лам байв (эдүгээгийн Ажаа гэгээний дээд дүрийн түрүү дүр болно).

Найман улсын холбоот цэрэг Дундад улсыг түрэмгийлэн орж ирэх үед хамгийн ховор нандин зүйлийг авч явсан улс нь Япон юм. Нэгд, Бээжингийн хааны ордонд байсан 100 лангийн алтаар хийсэн 1000 бурханыг тэндээс авч явав. Хоёрт, алтаар хийсэн Алтан Ганжуурыг авч явав. Тэдгээр нь Манжийн хааны Ци Ши Тайхугийн 80 насны баярт зориулж өргөсөн зүйл байлаа. Гуравт, Бээжин хотын нэг нууранд байсан их ч биш, бага ч биш нэг янзын (онцгой ховор) олон загас байсныг тусгай хайрцагт хийж ачиж явав. Тэгээд Бээжинд тэр загасны уг тасрав.

Үүний дотор хамгийн хэцүү нь Ци Ши Тайхугийн хэрэглэж байсан Манж Чин улсын хааны тамга (хас чулуун тамга)-ыг нь аваад явчихжээ. Ци Ши Тайху Ши Аньд дутааж хүрээд, цаг тайван болсны дараа буцаад ирсэнд хааны тамга нь үгүй байжээ. Бусад юу ч хамаагүй, хааны тамга үгүй бол ямар ч хэрэг бүтэхгүй тул одоо яадаг билээ гэж Ци Ши Тайху жанжин түшмэдээ цуглуулж, хүн томилж, хааны тамгыг авхуулахаар Японд явуулах гэсэнд явах чадалтай, зоригтой хүн нэг ч байсангүй. Ингээд Ажаа гэгээн хэлсэн нь: "Би явъя" гэжээ. Ажаа гэгээн уул нь Гүмбүмд байхдаа Чахар шавран гэдэг монгол зарц ламтайгаа явж байгаад Хотонгийн дээрэмчидтэй тааралджээ. Тэгээд Ажаа гэгээн Манж Чин улсад мэдүүлж, тэднээс цэрэг авах гэсэнд Манж Чин улсын засаг нь Найман улсын холбоот цэргийн довтлолтод учирч байсан тул "Цэрэг гаргаж чадахгүй, та нар өөрсдөө арга бод" гэжээ. Тэгээд Ажаа гэгээн Ши Аньд очиж, бумбын шашинтнаас зэвсгийн эрдэм сурсан байжээ. Ажаа гэгээн хааны тамгыг авчрахаар (Чахар шаврантайгаа хоёул) Японд явж, Японы хаан ноёнтой учирч Манжийн хааны тамгыг буцааж авч явах тухайгаа хэлсэнд Японы ноёд Ажаа гэгээнийг хүлээж авчээ.

Япон хаан нь Ажаа гэгээний ид шидтэй, зэвсгийн эрдэмд сайн гэдгийг нь мэдэх тул зэвсгийн эрдэмдээ маш сайн нэгэн хүүхнийг Ажаа гэгээний өмнө авчирч түүний эрдмийг үзүүлжээ. Тэр хүүхэн бүх биедээ сэлэм зүүсэн бөгөөд зэвсэг эргүүлэхэд дээрээс нь бууж ирэх усыг биедээ хүргэхгүй тоглодог тийм их эрдэмтэй байв. Тэгээд япон ноён Ажаа гэгээнээс асуусан нь: “Энэ хүүхэнд ганцхан жад орох газар буй. Тэр нь хаана байдаг вэ?” гэв. Ажаа гэгээн “Хоёр нүднийх нь дээрхэн тал" гэсэнд япон ноён Ажаа гэгээнийг биширч маргааш нь Ажаа гэгээнийг зочилъё гэжээ. Тэгэхээр нь Ажаа гэгээн өөдөөс нь “Би урьдаар та нарыг зочилъё” гэв. Тэгээд маргааш нь Ажаа гэгээн Японы ноёдыг зочлохоор болж, зочин ирсэнд Ажаа гэгээн хүн бүрийн өмнө нэг аяга зүү тавьж “За идэцгээ” гэжээ. Япон ноёд гайхаж "Зүүг хүн яаж идэж чадах билээ" гэж бодсонд гэгээн өөрийн өмнө байсан аягатай зүүгээ аваад зажлаад идчихэж гэнэ. Маргааш нь япон ноён зоог барихдаа Ажаа гэгээнд хортой хоол тавьжээ. Гэгээн тэр хоолыг нь ажиггүй идчихэж гэнэ. Тэгээд хааны ордноос гарахдаа ордны үүдний гадна (үүдний хоёр талд) байсан хоёр хас чулуун арслан дээр тус тус бөөлжсөнд хас чулуун арслан нь тас тас хагарсан гэнэ. Тэр хагарсан арслан эдүгээ хүртэл буй бөгөөд энэ явдлын тухай тэмдэглэл ч Япон улсын данс эвхмэлийн газарт хадгалагдаж бий гэдэг. Тэгээд Ци Ши Тайху хааны тамгыг Япон улсаас авч ирсэн байна. Энэ хэргээс Ци Ши Тайху Ажаа гэгээнд хутагтын зэрэг нэмж өгөөд хүндээр шагнаж, Бээжин хотын хааны ордонд эрх чөлөөтэй орж гарч болох, мөн хэн ч түүнийг хориглож чадахгүй эрхтэй болжээ. Тиймээс Бээжин хотод Ажаа гэгээн явахад түүний суусан тэрэгний өмнө нэг сул тэрэг явж, тэр тэргэн дээр нэг сэлэм тавьсан бөгөөд дээр нь ямар ч үсэг бичиг (зарлиг) үгүй байдаг. Харин Ци Ши Тайху явахад өмнө нь бас нэг хоосон тэрэг явж, тэрэг дээр нь сэлэм тавиатай байдаг. Энэ хоёр сэлмийн ялгаа нь Ци Ши Тайхугийн сэлэм бол дээр нь хэн хэнийг шийтгэх, хэн хэнийг алах гэсэн зарлиг байж, тэр зарлигаар хэрэг учрыг гүйцэлдүүлдэг байхад Ажаа гэгээний тэргэн дээрх сэлэм зарлиг үгүй, урьдаар хэрэг учрыг хийж хүн амьтныг шийтгээд, дараа нь (ямар ч ял, осол буруу тэмдэглэхгүйгээр) зарлигийг нөхөж бичиж болох тийм эрхтэй байсан юм.

Д.Бат. “Агваанчойдорын өгүүлсэн Монгол, Төвөдийн Бурханы шашны аман түүх” ном. 2025 он. 129-130 дугаар тал. 

 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.