Сингапурын эрэгт сүйрсэн хөлөг ба монголчуудын Хятадад үлдээсэн нэгэн өв
Далайн ёроолоос гарсан, Юань гүрний үеийн шаазан © Michael Flecker/Science Direct

Сингапурын эрэгт сүйрсэн хөлөг ба монголчуудын Хятадад үлдээсэн нэгэн өв


   Монголын эзэнт гүрний үед олон тооны цагаан, хөх шаазан тээвэрлэж яваад сүйрсэн хөлөг онгоцны үлдэгдлийг Сингапурын эрэг орчмоос олсон нь Юань гүрний үеийн Хятадын гар урлалын түүхийг шинээр бичихэд хүргэж байна хэмээн CNN агентлаг мэдээллээ. Юань гүрний сүүл үед, өөрөөр хэлбэл 650 орчим жилийн өмнө уг хөлөг онгоц Хятадаас одоогийн Сингапур буюу тэр үеийн Темасек рүү их хэмжээний шаазан тээвэрлэж явжээ. Далайн археологич Майкл Флэкерийн ахалсан баг энэ олдвор дээр дөрвөн жил ажилласны үр дүнд хөлгийн ачааг амжилттай гаргаж авсан байна. CNN-ий мэдээлснээр, археологичид нийтдээ 3.5 тонн ваар савны хагархай, хэлтэрхий илрүүлснээс 136 кг нь Юань гүрний нарийн гоёмсог хээ бүхий цагаан, хөх шаазан байсан бөгөөд зарим нь бүрэн бүтнээрээ байв. Онгоц живсэн газрын ус гүехэн боловч далайн урсгал ширүүн, үзэгдэх орчин хязгаартайн улмаас судалгааны багийнхан сард нэг л удаа шумбаж байжээ.

   Хөлгийн их бие нэлээд эвдэрч тарсан боловч Дундад зууны эхэн үед түгээмэл байсан хятад маягийн дарвуулт онгоц мөн хэмээн судлаачид үзэж байна. Олдворуудын ихэнх нь хагарч бутарсан хэдий ч нэлээд нь анхны хэлбэр дүрс, чимэглэлийг нь тодорхойлж болохуйц хэмжээнд хадгалагдсан байв. Тухайлбал зарим шаазанд дөрвөн сарвуутай луу, заримд нь удвал цэцгээр хүрээлсэн галт шувуу дүрсэлжээ. Мөн лянхуа цэцэг бүхий цөөрөмд нугас хөвж буйг дүрсэлсэн шаазан нь хөлөг онгоцны живсэн хугацааг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Энэ зургийг Юань улсын Тугтөмөр хаан (1328-1332 он) зөвхөн өөрийн хэрэгцээний эд зүйлд дүрслэх зарлиг гаргаж байсан түүхтэй. Гэхдээ түүнийг нас барснаас хойш зарлиг хүчингүй болж, ийм дүрслэл бүхий шаазан эдлэлийг чөлөөтэй үйлдвэрлэх төдийгүй гадаад орнуудад ч худалдаж байсан байдаг. Тугтөмөр хаанаас хойш 20 гаруй жилийн дараа Улаан алчууртны бослого гарснаар шаазангийн үйлдвэрүүд хаалгаа барьж, улмаар 1368 онд Юань гүрэн мөхсөн, Мин гүрний эхэн үе буюу 1371 онд шаазангийн худалдааг хориглосон зэргээр баримжаалан уг хөлөг онгоцны живсэн хугацааг 1320-иод оны сүүлээс 1371 он хэмээн судлаачид үзжээ.

   Юань гүрний шаазан тухайн үеийн Европ, Азийн орнуудын ихэс дээдсийн дуртай эд байсныг Лондонгийн Дорно дахин, Африк судлалын сургуулийн  (SOAS) их сургуулийн профессор Шэйн МакКосланд онцолжээ. "Юаний шаазан хэрэг дээрээ ердийн л аяга, таваг учраас алт, уран бичлэг, уран зураг шиг өндөр үнэд хүрэх аргагүй. Гэхдээ маш нимгэн, гэрэлтсэн мөртлөө туйлын бат бөх байгаа нь хүмүүст ер бусын санагдаж байв. Тэр ч бүү хэл хортой хоол аягалбал шууд хагардаг гэлцдэг тул, үхэхээс айдаг хаад ноёд ийм шаазан олж авахыг чармайдаг байсан" хэмээн тэрбээр CNN-д ярьжээ.

   Үүнээс гадна уг олдвор тэр цагийн худалдааны сүлжээний цар хүрээг тодорхойлж байна. Юаний шаазанг хийхэд кобальт ордог бөгөөд кобальтыг монголчуудын хяналтад байсан эх газрын болон далайн замаар Перс буюу одоогийн Иранаас авдаг байжээ. Профессор Ш.МакКосландын үзэж буйгаар Юаний шаазан нь монголчуудын эрхшээл дэх Хятадын соёлд гарсан урлаг, технологийн үсрэнгүй дэвшил байсан бөгөөд монголчуудын байгуулсан улсын талаарх он удаж хэвшсэн өрөөсгөл ойлголтыг няцаах үндэслэл болж байгаа аж. “1368 онд монголчууд Хятадаас гарснаар энэ том дэвшлийн жинхэнэ эзэд мартагдсан. 1930-аад он хүртэл эрдэмтэд хөх шаазанг Хятадын өөр төрт улсуудын үед бий болсон гэж үзэж ирсэн юм. “Алах, устгахаас өөр юм мэдэхгүй монголчууд ийм зүйл бүтээнэ гэж яаж байх вэ” гэж тэд ярьдаг байлаа” хэмээн профессор Ш.МакКосланд CNN-д өгүүлжээ.    

   Шаазан ачсан хөлөг онгоц Хятадын гар урлалын голомт болсон Фүжянь, Жэжянь, Жянси мужуудтай залгаа, зүүн эргийн Цюаньжөү боомтоос Темасек рүү хөдөлсөн болов уу хэмээн эрдэмтэд үзэж байна. Темасек нь XIV зуунд татвар авдаггүйгээрээ худалдаа наймаанд ээлтэй газар байсан нь түүхэнд тодорхой бөгөөд дээрх хөлөг онгоц ийш зорьсон нь тухайн газар оронд хэрэглээ өндөр, худалдан авах чадвар сайтай байсныг харуулж байна хэмээн археологич М.Флэкер хэлжээ. Живсэн хөлгийн талаарх судалгааны өгүүлэл 2025 оны зургаадугаар сард "Journal of International Ceramic Studies" сэтгүүлд нийтлэгдсэн байна.

М.Флэкерийн багийнхны гаргаж авсан шаазангийн зарим нь харьцангуй бүтэн байв. © Michael Flecker/Science Direct

Бас нэг олдвор. © Michael Flecker/Science Direct

 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.