Цэнэглэгчийг тогонд залгаатай орхиж яагаад болохгүй вэ?

Цэнэглэгчийг тогонд залгаатай орхиж яагаад болохгүй вэ?


   Гар утас, нөүтбүүк зэрэг электрон төхөөрөмжийг цэнэглэж дууссан ч цэнэглэгчээ тогонд залгаатай орхих явдал бидний амьдралд түгээмэл байдаг. Харахад гэмгүй мэт боловч үүнд олон сөрөг үр дагавар бий. Юуны түрүүнд, цэнэглэгч тогонд залгаатай байснаар дотоод эд анги нь ачаалал авч байдаг. Тэр хэрээр цэнэглэгч элэгдэх бөгөөд урт хугацаанд ашиглах зориулалттай л биш бол энэ маягаар байнга хүчдэл авсан цэнэглэгч жагсаалаас гарах нь хурдан байна. Мөн төхөөрөмж цэнэглээгүй нөхцөлд цэнэглэгч тогонд залгаатай л бол эрчим хүч хэрэглэж байдаг. Цэнэглэгч өөртөө стандарт 220 Вольтыг 5 Вольт болгон хувиргадаг трансформатортай бөгөөд энэ нь төхөөрөмж цэнэглэх эсэхээс үл хамааран ажиллаж байдаг. Ингэж ажилласнаар нэг цэнэглэгч жилд 3 кВт/цаг эрчим хүч хэрэглэнэ. Энэ нь өчүүхэн бага мэт санагдаж болох ч “Олны олон таван цэн” гэж үг бийг санууштай.

   Мөн тогонд залгаж орхисон адаптер цахилгааны эх үүсвэр учраас бага насны хүүхэд, гэрийн тэжээвэр амьтанд аюултай. Залгаатай цэнэглэгчийн үзүүрт хүрснээр эмгэнэлтэй явдал болсон түүх олон байдаг. Ханан дахь розетканд хүүхэд хуруу гараа хийхээс сэргийлж зориулалтын хаалт хийдэг ч цэнэглэгчийг ингэх боломжгүй. Мөн хүүхэд, амьтан цэнэглэгчийн утсыг хазсанаар тогонд цохиулах эрсдэлтэй. Тогонд удаан залгаснаар цэнэглэгч халж, улмаар шатах аюул бас бий. Ялангуяа үйлдвэрийн баталгаагүй хуурамч бүтээгдэхүүнд ийм эрсдлээс сэргийлэх бүрэлдэхүүн хэсэг байдаггүй. Цахилгааны шугам гэмтэлтэй, хүчдэл хэлбэлзэх үед ийм цэнэглэгч гал түймрийн эх үүсвэр болох аюул хэзээд байдаг. Мөн олон залгуурт хэд хэдэн цэнэглэгч залгаатай нөхцөлд сүлжээний хэт ачаалал үүсч болно. Энэ бүхнийг анхаарах нь амьдралд илүүдэхгүйгээр барахгүй болзошгүй аюулаас сэргийлэх бодитой алхам юм.                                           


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.