Унших, бичих, гадаад хэл сурах нь хөгшрөлтийг удаашруулдаг
Унших, бичих, гадаад хэл сурах зэрэг оюуны үйл ажиллагаа нь хурдан өтлөх, зөнөгрөх, мартамхай болох эрсдэлийг 40 хувь бууруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Америкийн Мэдрэл Судлалын Академийн мэдээлснээр Раш их сургуулийн Анагаах ухааны төвийн судлаачид оюуныг өдөөгч үйл ажиллагаа эрхлэх нь Альцхеймерийн өвчний эрсдэлийг бууруулж, хөгшрөлтийг удаашруулдаг болохыг нотолсон байна. Судлаачид Альцхеймерийн өвчинд өртөөгүй, 80 орчим насны 1939 хүн дээр найман жилийн турш ажиглалт хийжээ. Судалгаанд оролцогчдод гэртээ сонин, ном унших, газрын зургаар аялах, гадаад хэл сурах, оюун ухааны тоглоом тоглох зэрэг нөхцөлийг бий болгож өгсөн байна. Хүн амьдралынхаа туршид танин мэдэхүйд шамдаж, унших, бичих, эргэцүүлэн бодох зэргээр оюуны ажил эрхлэх нь Альцхеймерийн өвчний эрсдэлийг 38 хувь, танин мэдэхүйн доройтлыг 36 хувиар бууруулдаг болохыг нотолсон байна. Танин мэдэхэд шамдаж өөрийгөө боловсруулдаг хүмүүс 94 нас хүрч байж Альцхеймерийн өвчинтэй болсон бол танин мэдэхүйд огт анхаардаггүй хүмүүс 80 гаруй наснаасаа мартах, зөнөгрөх эмгэгт өртдөг ажээ. Судалгааны багийн гишүүн профессор Андреа Заммит "Уг судалгаа нь амьдралын туршид оюун санааг өдөөдөг олон төрлийн үйл ажиллагааг тогтмол хийдэг байх нь танин мэдэхүйн чадварт өөрчлөлт оруулж болохыг харуулж байна" хэмээн тайлбарлажээ. Судалгааны тайланг Америкийн Мэдрэл судлалын академийн “Neurology” сэтгүүлд нийтлүүлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







