Хакүхо М.Даваажаргалыг Олон улсын сүмо бөхийн холбооны зөвлөхөөр томилжээ
Тайландын Бангкок хотод болсон Сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө Олон улсын сүмо бөхийн холбооны Ерөнхий чуулган хуралдаж, удирдах албан тушаалтнуудаа шинээр сонголоо. Холбооны ерөнхийлөгч Казүфүми Минамийн бүрэн эрхийн хугацаа дууссан тул шинэ ерөнхийлөгчөөр Японы “Toyota Motor” корпорацийн ерөнхийлөгч Тоёода Акио сонгогдсон байна. Энэ жилээс эхлэн тус холбоо гүйцэтгэх зөвлөхийн гурван орон тоог шинээр бий болгосон бөгөөд тэдгээрийн нэгээр мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх аварга Хакүхо М.Даваажаргалыг томилжээ. “Japan Times” сонины мэдээлснээр, түүний бүрэн эрхийн хугацаа ерөнхийлөгчийнхтэй адил хоёр жил бөгөөд Ерөнхий чуулганд санал өгөх эрхгүй албан тушаал юм. Японы Сүмогийн холбооны дэд ерөнхийлөгч Кацүта Коозо "Сонирхогчийн сүмогийн хөгжилд ирээдүйд түүний оруулах хувь нэмэр улам жинтэй болбол Удирдах зөвлөлийн гишүүн болгож болно. Удирдах зөвлөлийн гишүүнээр шууд томилох аргагүй тул эхлээд зөвлөхөөр томилсон" хэмээн хэлсэн нь М.Даваажаргалыг энэ холбоонд цаашид илүү өндөр албан тушаалд очих боломжтойг харуулж байна. Ёкозүна байх үеэсээ хүүхдийн сүмогийн тэмцээн "Хакүхо цом"-ыг санаачлан зохион байгуулж, олон улсад сүмог дэлгэрүүлэхэд түүний оруулсан хувь нэмэр багагүй бөгөөд өнгөрсөн зургаадугаар сард мэргэжлийн сүмогоос албан ёсоор гармагцаа тэрбээр “Дэлхийн сүмо” төслийг эхлүүлснээ мэдэгдсэн билээ.
Гэрэл зураг: "Kyodo news"
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







