Киришима Б.Лхагвасүрэн мэргэжлийн сүмод гурав дахь удаагаа түрүүлэв
Өчигдөр Осака хотод өндөрлөсөн мэргэжлийн сүмогийн Харү башёд сэкивакэ цолтой барилдсан Монголын сүмоч Киришима Б.Лхагвасүрэн түрүүлж, озэки цолоо эргүүлэн авах болзлоо хангалаа. Тэмцээний 14 дэх өдөр түрүүлэх нь тодорхой болсон Киришима (12-3) сүүлийн өдөр Котозакүрад (10-5) өвдөг шороодсон боловч 2024 оны тавдугаар сард алдсан озэки цолоо ийнхүү эргүүлэн авахаар болжээ. Өнгөрсөн бараг хоёр жилийн арван нэгэн башёд тэрбээр маэгаширагийн 2 хүртэл зиндаа буурч байв. Башё өндөрлөсөн даруйд Сүмогийн холбооны шүүгчдийн зөвлөл түүнийг дэвшүүлэх асуудлаар ээлжит бус хурал хуралдуулах хүсэлтийг холбооны ерөнхийлөгч Хаккакүд гаргасан байна. Ирэх дөрөвдүгээр сард 30 нас хүрэх Киришима сүүлийн гурван башёгийн нийлбэр дүнгээр 34 даваа авсан нь озэки цолны болзол болох 33 давааг давуулан биелүүлсэн үзүүлэлт юм.
Эзэн хааны цом хүлээн авахдаа Киришима "Нэлээд хугацаа өнгөрсний дараа энэ цомыг өргөхөд үнэхээр хүнд санагдлаа" хэмээн хэлжээ. Тэрбээр 2023 оны гуравдугаар сарын болон 11 дүгээр сарын башёд түрүүлж байсан юм. Өчигдөр ээжийнх нь төрсөн өдөр тохиосон тул Киришима “Ээждээ ховор сайхан бэлэг барьсандаа баяртай байна" гэжээ. Мөн "Цол буурсан ч гэсэн бууж өгөхийг бодоогүй. Нэг л өдөр эргэж ирнэ хэмээн итгэж шаргуу хөдөлмөрлөсөн. Нас залуу байна, улам хүчирхэгжиж дахин түрүүлэхийн төлөө чармайна" хэмээн хэлсэн байна. Тэрбээр энэ удаагийн тэмцээнээс мөн "Гарамгай барилдааны шагнал”-ыг хүртсэн юм.
Тэмцээний сүүлийн өдрийн барилдаанд ёкозүна Хоошорюү (11-4) өнгөрөгч нэгдүгээр сарын түрүү бөх Аонишикиг (7-8) анх удаа яллаа. Энэ башёд ёкозүна цолны төлөө барилдсан Украины бөх Аонишики ийнхүү тааруу амжилт үзүүлснээр ирэх тавдугаар сарын тэмцээнд озэки цолоо хамгаалан барилдахаар болж байна. Тэмцээний “Дайчин барилдааны шагнал”-ыг маэгашира Котошохо (11-4) болон дээд зиндаанд анхны барилдаанаа хийсэн маэгашира Фүжисэйүн (10-5), “Уран барилдааны шагнал”-ыг маэгашира Фүжинокава (8-7) авчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







