Японд монгол хүүхдүүдэд зориулсан зуны зуслан нээгдлээ
Япон улсын Ибараки аймгийн Цүкүба хотод монгол хүүхдүүдэд зориулсан зуны зуслан нээгдлээ. Сурагчдын хаврын амралтыг тохиолдуулан Монголын хүүхдийн ордноос зохион байгуулж буй “Монгол хэл, соёлын Азийн зуслан 2026” хэмээх энэ арга хэмжээний хүрээнд Японд амьдарч буй монгол хүүхдүүд хоёр шөнө, гурван өдрийн турш монгол гэрт амьдарч, ухаалаг утас, дэлгэцнээс бүрэн ангид байж, монгол ахуй орчинд үндэсний дуу бүжиг сурч, монгол хоол хийн идэж, бэсрэг наадамд өрсөлдөж, эх хэлээрээ ярилцах ажээ. 29-ний ням гарагт нээгдсэн энэ зусланд Монголын хүүхдийн ордны Токио, Цүкүба хот дахь салбар төдийгүй Ниигата, Осакагаас 6-14 насны нийт 33 хүүхэд ирсэн байна. Тус ордон Япон улсад амьдарч буй монгол хүүхдүүдийг эх хэл, соёл, ёс уламжлалтай нь танилцуулах үйл ажиллагааг дөрөв дэх жилдээ явуулж буй бөгөөд зуны зусланг анх удаа зохион байгуулж буй нь энэ юм. Зусланд мэргэжлийн найман монгол, нэг япон, нийт есөн багш, үйлчилгээний таван ажилтантай бүрэлдэхүүн ажиллаж байна. Мөн Монгол улсаас Боловсролын яамны харьяа Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Гэрэлмаа, БНСУ-аас багш Н.Өнөрцэцэг нар хүрэлцэн ирж зөвлөн тусалж байгаа ажээ. Зуслангийн үйл ажиллагаанд "Ibaraki YMCA" байгууллага дэмжигчээр оролцож, “Мongolian Theme Park Japan” байгууллага аюулгүй байдал, тохь тухтай орчныг бүрдүүлсэн байна. “Азийн зуслан” загвар хөтөлбөрийг цаашид БНСУ, Тайвань зэрэг Азийн бусад оронд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа Монголын хүүхдийн ордны албаны хүн манай сурвалжлагчид ярилаа.







ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







