Хакүхо М.Даваажаргал Европын тэмцээний хүндэт зочноор Эстонид айлчлав

Хакүхо М.Даваажаргал Европын тэмцээний хүндэт зочноор Эстонид айлчлав


   Мэргэжлийн сүмогийн 69 дэх аварга Хакүхо М.Даваажаргал Эстони улсад зочилж, Таллинн хотод болсон Европын өсвөр үеийн аварга шалгаруулах сүмо бөхийн тэмцээнд хүндэт зочноор оролцжээ. 15 болон 18 хүртэлх насны ангиллаар болсон энэ тэмцээнийг Японы мэргэжлийн сүмод 2006-2013 онд барилдан оозэки цол хүртэж байсан Барүто буюу Кайдо Хёвэльсон зохион байгуулж М.Даваажаргалыг албан ёсоор урьсан байна. Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд Хакүхо, Барүто нар нийт 24 удаа учраа тааран барилдаж, 23-д нь Хакүхо давж байв. Барүто нь 2013 оны есдүгээр сард зодог тайлснаасаа хойш Эстонийн Төвийн намаас парламентын гишүүнээр сонгогдож, улсынхаа компаниудад Азийн зах зээлд гарах, тэр дундаа Японтой холбоо тогтооход туслах чиглэлээр ажиллаж иржээ. Мөн Мэргэжлийн холимог тулааны урлагийн (MMA) тамирчин болж, хэд хэдэн тулаан хийснээс гадна Японы телевизийн шоу, кинонд нэг бус удаа оролцсон юм.

   Эстони улсад хоёр дахь удаагаа болж буй Европын өсвөр үеийн аварга шалгаруулах сүмо бөхийн 17 дахь удаагийн тэмцээн өнгөрөгч 26-28-ны өдрүүдэд Таллиннд болсон бөгөөд үүний өмнө 2019 онд мөн тус улсад зохион байгуулагдаж байв. Харин энэ тэмцээний анхных нь Унгар улсын Леаньфалу хотод болсон бол дараа дараагийнх нь Герман, Польш, Литва, Болгар, Швейцар зэрэг улсад зохиогдож байжээ. Хакүхо М.Даваажаргал мэргэжлийн сүмогоос гарч, сүмо бөхийг олон улсад хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд Эстонид хийсэн айлчлал нь энэ төлөвлөгөөнийх нь нэг хэсэг юм.

Гэрэл зураг: SumoSumoSumo Фэйсбүүк хуудас.

Хакүхо, Барүто нар Таллиннд.

 

Хакүхо, Барүто, Гүржийн бөх Коккай нар Тайландын нийслэл Бангкокт. 2025 оны 9 дүгээр сарын 19. Коккай буюу Леван Цагурия нь Японы мэргэжлийн сүмод элссэн Европын анхны бөх, мөн анхны гүрж бөх юм. Тэрбээр сүмод 2001-2012 онд барилдан сэкивакэ цолд хүрч байв.  

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.