Казахстаны шоунд өрсөлдөж буй дуучин Мишээл монголчуудыг юунд уриалав?
Казахстаны нийслэл Астана хотод болж буй телевизийн олон улсын “Silkway Star” шоу уралдаанд Монголоо төлөөлөн амжилттай оролцож буй дуучин Мишээл сүүлийн шатанд өрсөлдөхөөр бэлтгэлдээ ороод байна. Уралдаанд анх 12 орны уран бүтээлч оролцон гараагаа эхлүүлсэн бол өчигдрийн тэмцээний дараа буюу эцсийн шатанд Казахстан, Малайз, Гүрж, Монгол, Хятад, Армени, Узбекистаны нийт долоон оролцогч шалгаран үлдээд байгаа юм. Эцсийн шалгаруулалт ирэх бямба гараг буюу 22-ны өдөр эхэлж, оролцогчид үзүүлбэрээ үзүүлсний дараа үзэгчдийн санал өгөх хэсэг нээгдэнэ. Журмын дагуу тухайн орны үзэгчид өөрийн оролцогчид санал өгөх эрхгүйгээр тохиргоо хийгдсэн тул Монголын үзэгчид Мишээлд санал өгөх боломжгүй юм. Иймээс Мишээл дэлхий даяар тархан суугаа монголчууд уг шоуг үзвэл өөрт нь санал өгөхийг "Фэйсбүүк" хуудсаараа дамжуулан уриаллаа. Казахстанд амьдардаг монголчууд өөрийг нь маш их дэмжиж байгааг Мишээл уг постондоо дурдсан байна. Тэрбээр сүүлийн шатанд “Монгол” хэмээх нэртэй шинэ дуугаа дуулах бөгөөд “Намайг үргэлж дэмжиж, хайрлаж байдаг та нартаа, төрж өссөн эх орондоо зориулж энэ дууг бүтээсэн юм шүү” хэмээн бичээд “Манай бусад оролцогчдыг ч мөн дэмжээрэй, тэд минь бүгд Ази тивийн маш гайхалтай залуу дуучид” гэжээ. “Silkway Star” шоуны эцсийн шалгаруулалтыг UBS телевиз бямба гарагт Улаанбаатарын цагаар 23 цагт шууд дамжуулна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







