Дуучин Тэнгэр 66 нас хүрлээ
Өвөр Монголын алдарт дуучин С.Тэнгэр өнгөрөгч долоо хоногт 66 нас хүрлээ. С.Тэнгэр 1960 онд Ордосын Отог хошууны малчин Сайнбаярын гэрт мэндэлжээ. Аав, ээж хоёр нь хоёулаа сайхан дуулдаг тул хүүхдүүд нь бүгд дуунд дуртай болж хүмүүжсэн байна. С.Тэнгэр 1975 онд Өвөр Монголын Урлагийн их сургуулийн бүжгийн ангид элсэж, хөгжмийн ангид шилжин суралцаж төгсөөд сургуульдаа багшилжээ. Улмаар 1980 онд Тяньжин хотын Урлагийн сургуульд элсэн хөгжимчний мэргэжлээр дүүргээд Хятадын Үндэсний дуу, бүжгийн чуулгад ажиллах болов. Чухам энэ үедээ тэрбээр “Би монгол хүн” дуугаа зохиосон бөгөөд 1986 онд болсон залуу дуучдын “Тогосын цом” уралдаанд энэ дуугаараа оролцон шалгарснаар Хятад даяар нэрд гарсан юм. С.Тэнгэр 1992 онд Тайваньд тоглож, 1949 оноос хойш тус улсад тоглосон эх газрын Хятадын анхны дуучин болсон билээ. Тайбэй хотод болсон хоёр цагийн концертод тэрбээр 18 дуу дуулсан бөгөөд энэ нь түүний хожмын аль ч концертод давтагдаагүй өндөр үзүүлэлт болсон юм. Энэ тоглолтоороо Тайваньд маш их нэр хүндтэй болсон С.Тэнгэр 14 жилийн дараа буюу 2006 онд Тайбэйд дахин тоглосон түүхтэй. 1993 онд тэрбээр өвөрмонголчуудтайгаа хамтран таван хүний бүрэлдэхүүнтэй “Бөртэ чоно” хамтлаг байгуулж олон дуу зохион дуулсны зэрэгцээ бие даасан цомог гаргасан бөгөөд энэ цомогт орсон “Диваажин” (Tiantang) дуу нь түүнийг Хятад даяар дахин алдаршуулсан юм. 2011 онд тэрбээр АНУ-д тоглохдоо 9 дүгээр сарын 11-ний халдлагад өртөж амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулан энэ дуугаа дуулсан билээ.
2007 онд С.Тэнгэрийн охин хүнд өвчнөөр өвдсөнөөр дуучин уран бүтээлээсээ хөндийрсөн байна. Улмаар 2010 онд түүний амьдралд хүнд гарз тохиолдсон нь, зургаан настай охин нь өвчнөө даалгүй нас барсан явдал байв. Тэр жилээ С.Тэнгэр “Үүлэн дундах саран” нэртэй цомог гаргасан бөгөөд “Диваажин” дуугаа шинээр найруулан энэ цомогтоо оруулжээ. 2013 онд түүний уран бүтээлийн амьдрал дахин сэргэж “Тоор цэцэглэсэн нутаг” хэмээх дуу бүтээсэн нь Хятадын сонсогчдын талархлыг хүлээв. Өнгөрсөн хугацаанд тэрбээр дотоодын болон олон улсын томоохон тайзуудад удаа дараа гарч, тухай бүрдээ Хятадын орчин цагийн хамгийн алдартай дуучны нэг болохоо нотлон харуулж ирсэн бөгөөд төрөөс олгодог олон нэр хүндтэй шагналын эзэн болж, Хятадын Үндэсний дуу, бүжгийн чуулгыг удирдаж иржээ.
1994 онд С.Тэнгэр Хятадын найруулагч Шиэ Фэйн “Mongolian Tale” (Ганган хар) киноны гол дүр Баянбулагт тоглосон юм. Өвөр Монголын тал нутгийн малчин ардын амьдралыг харуулсан уг кино Канадын Монреалийн олон улсын кино наадмаас “Шилдэг найруулагч”, “Шилдэг хөгжим” шагналыг хүртсэн бөгөөд С.Тэнгэр гол дүрийг бүтээхээс гадна киноны хөгжмийг бичсэн байна. Үүнээс хойш тэрбээр мөн хэд хэдэн кинонд тоглохын хамт Хятадын телевизийн олон алдартай шоунд оролцсон билээ.
С.Тэнгэр анхны эхнэр, жүжигчин Хасгуатай 1988 онд танилцаж долоон жил хамт амьдарчээ. Тэд дундаасаа нэг охинтой бөгөөд эхнэр, нөхөр хоёр 1993 онд салсан байна. Дөрвөн жилийн дараа буюу 1997 онд С.Тэнгэр өөрөөсөө 18 насаар дүү, бүжигчин Хонгорзултай танилцсан бөгөөд тэд 2003 онд гэрлэсэн юм.
Хятадын алдартай дуучин, монгол үндэстэн С.Тэнгэрийг Монгол улсад нийтээр мэдэх болсон нь 1980-аад оны сүүл үе билээ. Түүний дууг монголчууд асар ихээр сонирхож, дуучныг бахархан хүндэлж, хуурцгийг нь гар дамжуулан сонсдог байв. 1994 онд тухайн үеийн Монголын өдөр тутмын хамгийн том сонины нэг “Улаанбаатар” жил бүр олгодог болж эхэлсэн гоц авьяастны “Хангарьд” шагналынхаа хоёр дахийг (эхнийхийг дуучин Д.Сосорбарам хүртсэн) С.Тэнгэрт олгосныг дуучин Улаанбаатарт биеэр ирж гардан авсан юм. “Хангарьд” нь мөнгөн дүнгийн хувьд тухайн үеийнхээ хамгийн өндөр шагнал байсан бөгөөд цом олгохоос гадна хоёр өрөө байр, 10 мянган төгрөг дагалддаг байжээ. Үүнээс хойш 24 жилийн дараа буюу 2016 онд “Херо энтертэйнмент” студи “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгтээ түүнийг урьж оролцуулсан бол 2020 онд ерөнхийлөгч Х.Баттулга С.Тэнгэрийг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасан билээ.
"Хангарьд" шагналыг "Улаанбаатар" сонины ерөнхий эрхлэгч Ү.Хүрэлбаатар гардуулж буй нь. Спортын төв ордон. 1994 он.

Хятад даяар дөнгөж нэрд гараад буй дуучин С.Тэнгэр. 1989 он.

Хамтлагийнхантайгаа.

Анхны эхнэр, монгол үндэстэн Хасгуа.

Кинонд тоглосон нь.

Амралтын цагаар. Архины сайныг аль дураараа хүртдэг үе түүнд байв.

Монгол дуучин Тэнгэр их Хятадын тайзнаа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







