Канадад суугаа Монголын Элчин сайд Оттавагийн их сургуульд лекц уншив
Монгол улсаас Канад улсад суугаа Элчин сайд Э.Сарантогос өнгөрөгч 28-ны өдөр Канадын Оттавагийн их сургуулийн Улс төр судлалын сургуулийн цахим хичээлд оролцож, Монголын түүх, гадаад бодлого болон Монгол, Канадын харилцааны сэдвээр лекц уншлаа. Канадад суугаа Монгол улсын ЭСЯ-ны өнөөдөр мэдээлснээр, тус хичээлд Оттавагийн их сургуульд улс төр судлалын чиглэлээр суралцаж буй 120 гаруй оюутан оролцож, Элчин сайдаас Монгол улсын талаар сонирхсон асуултдаа хариулт авсан байна. Оюутнууд мөн Монгол улсаас хоёр хөрш, гуравдагч хөрш улс орнуудтай хөгжүүлж буй түншлэлийн харилцаа, Монгол орны хөгжлийн асуудлууд, түүний дотор эдийн засаг, байгаль орчны талаар сонирхож байв. Мөн Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг сонирхон асуужээ.
Оттавагийн их сургууль нь 1848 онд байгуулагдсан, Канадын хамгийн эртний, нэр хүндтэй их сургуулиудын нэг бөгөөд өнөөдөр энд дэлхийн 150 шахам орны 40 мянга гаруй оюутан нийгэм, улс төр, хууль, анагаах ухаан, инженер, байгалийн ухаан, бизнес, олон улсын харилцаа зэрэг чиглэлээр суралцаж байна. Англи, франц хоёр хэлээр сургалтаа явуулдаг тус сургууль дэлхийн хамгийн том хос хэлтэй их сургуульд тооцогддог ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







