Хуур тоглож буй морь “Алтаргана-2026” наадмын бэлгэ тэмдгээр шалгарав
Ирэх долоодугаар сарын 1-5-нд ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод болох “Алтаргана-2026” соёлын их наадмын бэлгэ тэмдэг зохиох уралдааны дүн гарлаа. Уралдаанд Буриад улс, Эрхүү муж, Монгол улсаас нийт 216 бүтээл ирсэн бөгөөд Буриадын Заиграевский районы Анастасия Бамбалаевагийн урласан, морин хуур тоглож буй сэргэлэн цовоо морины дүрс бүхий бэлгэ тэмдэг шалгарчээ. Сонгодог зургийнхаас өгсүүлээд компьютер дизайны хүртэлх олон арга хэлбэрээр бүтээсэн бэлгэ тэмдгүүдийг шүүгчид дүгнэхдээ уран сайхны үнэ цэн төдийгүй, гол баатрын түүх, хүүхэлдэйн кино, бэлэг дурсгалын зүйлд ашиглах бололцоо зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзсэн байна. Шүүгчдийн бүрэлдэхүүнд нэртэй зураачид, соёл урлагийн зүтгэлтнүүд, дизайнерууд, төрийн байгууллагын төлөөлөгчид орсныг “Буряад үнэн” сонин тэмдэглэжээ. А.Бамбалаевагийн бүтээсэн баатар болох Аргатай хэмээх залуу морины нөхөрсөг, хийморилог дүр төрх, спорт, урлагийн аль алинд уриалан дуудсан утга санааг шүүгчид өндрөөр үнэлсэн байна. Дэд байранд шалгарсан уран бүтээлч Дадар хэмээх нэртэй сур харваач морийг дүрсэлсэн бол дараагийн байрыг эзэлсэн оролцогч Алтан, Хөх хэмээх нэртэй хос морины дүрийг бүтээсэн байна.
Буриадын харилцаа дуу, цэц булаалдах, үлгэр домог, тууль хэлэх, ёохор хатирах, сур харваа, үндэсний хувцас зэрэг төрлөөр болдог “Алтаргана” наадамд энэ жил буриад ардын хуур хөгжим, нютагай бужиг буюу буриад ардын бүжиг нэмэгдээд байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







