10 баримт: Татвар яаж буурах вэ?

10 баримт: Татвар яаж буурах вэ?


   Татварын багц хуулинд өөрчлөлт оруулах гэж байгаатай холбоотойгоор Татварын багц хуулийн шинэчлэлийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тайлбар өглөө. Татварын багц хуулийн төслийг өнгөрөгч тавдугаар сард УИХ-д өргөн барьсан ч  Засгийн газар өөрчлөгдсөнөөр татан авсан билээ. Улмаар уг төслийг дахин боловсруулж, иргэдээс санал авсны үндсэн дээр УИХ-д өргөн барина. 1992 онд татварын шинэ суурь тогтолцоог бий болгосноос хойш Монгол улсын парламентаар дөрөв дэх удаагаа хэлэлцэх гэж буй энэ шинэчлэлээр иргэдэд оногдож буй татварын ачааллыг бууруулах, татварыг нийтээрээ тэгш, шударга төлдөг эрхзүйн орчныг бүрдүүлэх зорилготой юм. Татварын шинэчлэлийн үр дүнд хуульд ямар ямар өөрчлөлт орох гэж буйг “10 баримт” булангаараа хүргэж байна.

1. 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтыг НӨАТ-аас 100 хувь, 500-800 мянган төгрөгийн худалдан авалтыг 50 хувь чөлөөлнө.

2.  Сарын 800 мянга буюу жилийн 9,6 сая төгрөгийн орлоготой хүнийг ХХОАТ-аас 100 хувь чөлөөлнө. Манай улсад жилийн 9,6 сая төгрөгийн орлоготой 360 мянган хүн бий. Энэ нь нийт ажиллах хүчний 36 хувь юм.

3. Улирлын чанартай, цагийн ажил хийдэг хүмүүс 10 хувийн татвар төлж байгааг 0 болгоно.

4. Одоогийн хуулиар, цалингаас суутгадаг НДШ 11.5, ХХОАТ 10 хувь байгаа. 800 мянган төгрөгийн үндсэн цалинтай хүн эдгээр татвар, шимтгэлээ төлөөд гар дээрээ 637 мянган төгрөг авч байна. Олсон орлогоороо бүгдээр нь худалдан авалт хийлээ гэхэд НӨАТ-т 10 хувь буюу 63,720 төгрөг төлөөд, 2 хувийн буцаалт, ХХОАТ дээр 18 хувийн хөнгөлөлтөө эдэлнэ. Ингэснээр татварт 103 мянган төгрөг төлж байна. Цалингийн 13 хувийг татварт төлж байна гэсэн үг. Тэгвэл шинэ хуулиар 6,320 төгрөгийн татвар төлнө. Татвар 13 хувиас 0.8 хувь болж буурна гэсэн үг.

5. Дундаж буюу 1,5 сая төгрөгийн цалинтай хүн өнөөдрийн хуулиар 202 мянган төгрөгийн татвар төлдөг бол нэмэлт өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаалт, ХХОАТ-ын хөнгөлөлт зэргээ тооцвол татварын ачаалал хоёр дахин буурна.

6. Өнөөдөр 3,5 сая төгрөгийн цалинтай хүн 488 мянган төгрөг буюу 14 хувийн татварын ачаалалтай байна. Нэмэлт өөрчлөлтөөр энэ ачаалал 9.5 болж буурна.

7. Жилийн 180 сая төгрөгөөс дээш орлоготой хүн одоо 20 хувийн татвар төлж байгаа бол шинэ хуулиар 360 саяас дээш орлоготой хүн 20 хувийн татвар төлнө.

8. Өнөөдрийн хуулиар 6 тэрбум төгрөг хүртэлх орлоготой компаниуд 10 хувь, үүнээс дээш бол 25 хувийн татвар төлж байна. Иймээс компаниуд орлогоо 6 тэрбумд дөхөхөд шинэ компани байгуулах, охин компани үүсгэх замаар орлогоо задалдаг.   

9. Энэ асуудлыг шийдэхийн тулд 6-10 тэрбум төгрөгийн орлогод 15 хувийн татвар ногдуулна.

10. Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц, анхныхаа орон сууцыг худалдан авч байгаа иргэн одоо 6 сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлж байгааг 15 сая төгрөг болгоно.

Гэрэл зургийн эх сурвалж: news.mn


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.