10 баримт: Японы анхны эмэгтэй ерөнхий сайд
Японы Либерал ардчилсан намын даргаар сонгогдоод удаагүй, 64 настай Такаичи Санаэ өнөөдөр тус улсын түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхий сайдаар томилогдов. Түүний талаарх 10 баримтыг толилуулж байна.
1. Такаичи Санаэ 1961 онд Нара хотод төрсөн бөгөөд эцэг нь “Тоёота” компанийн салбарт, эх нь мужийн цагдаагийн газарт ажилладаг байв.
2. Дунд сургуулиа төгсөөд Токиогийн Кэйо, Васэда их сургуульд суралцах болзол хангасан ч эцэг эх нь, гэрээсээ хол явна, мөн хувийн сургуульд сурна гэвэл сургалтын төлбөрийг нь өгөхгүй гэсэн тул сурч чадаагүй байна. Гэхдээ Нара мужид ойрхон Хёого муж дахь Кобэ их сургуульд элссэн бөгөөд сургуульдаа гэрээсээ явдаг байжээ.
3. Оюутан байхдаа бөмбөр, төгөлдөр хуур тоглодог, хүнд металл хөгжим сонирхдог, мотоцикл унах дуртай байсан нь одоо ч хэвээрээ гэнэ.
4. Сургуулиа төгсөөд "Мацүшита" институтэд ажиллаж байхдаа АНУ-д очиж Конгрессын гишүүн Пэт Шрёдэрийн дэргэд хоёр жил ажилласан. АНУ-аас ирээд “Асахи” телевизийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байв.
5. 1993 оны бүх нийтийн сонгуульд бие даан нэр дэвшиж, парламентын доод танхимд сонгогдсон бөгөөд гурван жилийн дараа Японы Либерал ардчилсан намд элссэн байна.
6. 2000 оны сонгуулиар Либерал ардчилсан намын жагсаалтад нэгдүгээрт бичигдэн Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдов. Улмаар 2002 онд Жюүничиро Коизүмийн Засгийн газарт Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайдаар томилогджээ.
7. 2006 онд Абэ Шинзог ерөнхий сайд болоход Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж улмаар Абэг ерөнхий сайдаар сонгогдох бүрд өөр өөр яамны сайдаар ажиллаж байв.
8. Ерөнхий сайд Ишиба Шигэрүг огцорсны дараа Либерал ардчилсан намын даргад нэрээ дэвшүүлэн ширүүн өрсөлдсөний эцэст, 10 дугаар сарын 4-нд болсон сонгуульд 31.07 хувийн саналаар ялж намын даргаар сонгогдсон юм. Улмаар өнөөдөр буюу 21-ний өдөр Японы парламентын хоёр танхим түүнийг санал нэгтэйгээр ерөнхий сайдаар томиллоо.
9. Такаичи Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ямамото Такүтэй 2004 онд гэрлэжээ. Тэд дундаасаа хүүхэдгүй, харин Ямамотогийн өмнөх эхнэрээс гарсан гурван хүүхдийг өргөж авсан. Такаичи нөхрөөсөө 2017 онд салсан бөгөөд шалтгаан нь улс төрийн өөр өөр үзэл бодол, байр суурьтай байснаас болсон гэдэг. Тэд 2021 онд дахин гэрлэсэн бөгөөд өдгөө дөрвөн ач, зээтэй.
10. Такаичи эмэгтэйчүүдийн өвчний улмаас хүнд хагалгаанд орж, хүүхэд олох, төрүүлэх бололцоо багатай болсон тул хүүхэдтэй болох бодлоо орхижээ. 2007 онд тэрбээр "Хүүхэд төрүүлэх бололцоогүй эмэгтэйчүүдийг манай нийгэм ойлгож, хайрладаг байгаасай” хэмээн хэлж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







